ТОСОН БУМБА: Б.Дэжид: Би төрөөс нэг ч төгрөг авалгүйгээр зөрчлийг илрүүлсэн шүү, төрөөс цалин авдаг хүмүүс ээ!

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 05

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших улсын тусгай хамгаалалттай Тост, Тосон бумбын нуруу орчимд уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа нь байгаль орчны эко систем болон нутгийн уугуул иргэдийн эрх ашигт хор хохирол учруулж буй эсэх, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэх асуудал өнөөдөр халуун сэдэв болоод байна.

Өмнөговь аймгийн иргэдийн санаачилгаар тал бүрийн тайлбар, мэдээлэл, байр суурийг харилцан солилцож, ойлголтын зөрүүг багасгах, улмаар үүсээд буй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилгоор “Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлгийг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар болж, эхний хэлэлцүүлэг өнгөрөгч долоодугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад хотноо болсон билээ. Хэлэлцүүлгийн үеэр иргэд байр сууриа илэрхийлж, холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, тайлбар авсан юм.

Иргэдийн байр суурийг цувралаар хүргэж байна.


ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ГУРВАНТЭС СУМЫН ИРГЭН, СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.ДЭЖИД


-Гурван тэс суманд үйл ажиллагаа явуул байгаа “Сауд Гоби Коэл Транс” компанийн хийж байгаа үйлдэл надад ичгэвтэр, булай харагдаж байна. Нутгийн иргэдийг, ах дүү, хамаатан садан, нэг газар өсч төрсөн хүмүүсийг хооронд нь хагаралдуулж байна. Битгий ийм муухай юм хийгээч ээ. Нутгийн иргэдийг хооронд нь талцуулна, дахиад нутгийн өөрөө удирдах байгууллагыг нутгийн удирдлагуудтай талцуулж байгаал юу хийдгийг бид бүгд мэднэ ээ. Би уурхайн зөрчлүүдийг судалж байгаа. Би хуульч биш, экологич биш. Би ямар нэгэн байгаль орчны мэргэжилтэн биш. Би жирийн нэгэн багш хүн. Би нутаг усаа гэсэн сэтгэлээр яваа хүн.

2005 онд анх нутгаа хамгаалах уугуул хөдөлгөөн байгуулагдахад тэнд байсан ганц эмэгтэй би. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл байгаль  орчин, нутаг усаа хамгаалахын төлөө, хариуцлагатай уул уурхайтай байхын төлөө явж байна. Манай нутгийнхан мэднэ. Мэдсээр байхад нь ингэж хэлүүлж байгаа уурхайнхан ичих хэрэгтэй.

Өнөөдөр үнэхээр би та нарт хандаж үгээ хэлмээр байна. Түүнээс нутгийнхандаа хэлэхгүй ээ. Манай нутгийнхан намайг юу хийдэг, миний аав, ээж ямар хүмүүс байдгийг бүгд мэдэж байгаа. Намайг мөнгөгүй гэдгийг ч мэдэж байгаа. Та нар сая хараа биз дээ. Намайг худалдагдахгүй гэдгийг манай нутгийнхан мэднэ . Гэхдээ зарим маань та нарын зааж өгсөн үгийг энд хэлж байх шиг байна. Би Хятад явсан. Америк явсан. Би туршлага судлах гэж явсан. Хятад яагаад авлигатайгаа тэмцээд байна вэ? Ямар ямар арга хэмжээ авсан юм. Авлигачдаа яаж устгаж байна. Энэ бүхнээс бид сурах юм маш их байна. Үүнийг судлах гэж явсан. Америк үндсэн хуульдаа гар хүрэлгүй 300 жил болсон байна. Тэдний Үндсэн хууль ямар онцлогтой юм, яагаад ингэж сайн хэрэгжиж байгаа юм... Тэнд яаж хариуцлагатай уул уурхай хөгжөөд байгаа юм. Иргэдээ яаж сонсдог юм. Энэ бүгдийг би ултай суурьтай, судалгаатай болохын тулд, суралцахын тулд, өөрийнхөө хийж буй тэмцэлд итгэл, үнэмшилтэй болохын тулд сурах хэрэгтэй байсан.

Өнөөдрийг хүртэл би “Сауд Гоби Коэл Транс” компанийн хууль зөрчсөн үйлдлийг ярьж ирсэн. Үнэхээр хууль зөрчөөгүй бол юу ярих юм бэ, юу ч ярихгүй. Би маргахгүй. Гэтэл удаа дараагийн, маш олон хууль зөрчсөн үйлдлийг нь би баримттайгаар гаргаж ирсэн. Мэргэжлийн хүмүүсийн тусламж ч байгаа. Би ганцаараа сайндаа ил болгосон юм биш. Маш олон хүний дэмжлэгтэйгээр хууль бус үйлдлүүд ил болж ирсэн.

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд ийм ийм зөрчил байна гэдгийг би төрөөс нэг ч төгрөгийн цалин авахгүйгээр илрүүлсэн юм шүү, төрөөс цалин авдаг хүмүүс ээ!

Бидэнтэй хамтраач ээ. Хамтардаггүй юм гэхэд өөрсдийнхөө улс төрийг хийгээд ч хамаагүй энэ зөрчлүүдийг илрүүлж, бидний илрүүлсэн зөрчилтэй танилцаад, зохих шатны байгууллагад нь хандаж өгөөч ээ. Шахаж, шаардаач ээ. Хууль баталдаг хүмүүс нь хяналтаа тавимаар байна. Энэ хууль бус үйлдлүүдийг зогсоож өгөөч ээ. Бид үүнийг л хүсэж байгаа шүү дээ.


ВИДЕО ХУВИЛБАР ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.176.49) 2019 оны 08 сарын 06

Энэ МХГазарын малнуудыг сольж ажилаа хийдэг хүнийг тавьмаар юмаа газар орон ухлаа гээд л том том юм ярисан улс цаана нь хэн зөвшөөрлийг нь өгөөд байгаа юм хэн шалгах ёстойг мэддэг баймаар юм да үхэр монголчууд гэж тэнэг малнууд яаж ч өөдтэй амьдрах вэ дэ зайлуул ийм тэмцэж байгаа хүнээ дэмжиж олноороо нэгдэж чадахгүй арчаагүй малнууд,

0  |  0
Top