Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нуруунд хууль бусаар уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компанийг зогсоох, лицензийг цуцлах, байгаль, эх нутгаа аварч үлдэхийг шаардаж нэгдсэн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд Д.Сүхбаатарын талбайд 2019 оны наймдугаар сарын 9-ний баасан гарагт 10:00-18:00 цагт жагсаал хийх болжээ.
Жагсаалын үеэр Тост, Тосон бумбын нурууны уул уурхайн олборлолт хийгдэж буй хэсгийг улсын хамгаалалтад авах асуудлыг дэмжигч иргэдийн гарын үсгийг цуглуулж, нээлттэй микрофон ажиллуулах бөгөөд энэ талаар байр сууриа илэрхийлэхийг хүссэн иргэн бүр оролцож, үзэл бодлоо илэрхийлэх боломжтой юм байна.
Тост, Тосон бумбын нуруунд хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компанийн үйл ажиллагааг зогсоох, лицензийг цуцлах тэмцэл нь зөвхөн нэг уурхайг хаах төдий асуудал биш юм. Харин байгаль орчинд маш аюултай хохирол учруулж, хууль зөрчиж байгаа олон үйлдлийг баримтжуулан, төрийн холбогдох байгууллагуудад хандсан энгийн иргэдийн шударга тэмцэлд Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлал, Уул уурхайн яам хэрхэн анхаарал хандуулж, хэрхэн шийдвэрлэх нь Монгол Улсад хууль хэрэгжүүлэх, хэвлэл мэдээлэл хараат бус байх, уул уурхай хариуцлагатай байх асуудлын үндэс суурь болох юм.
Өөрөөр хэлбэл Тост, Тосон бумбын нурууг хамгаалах иргэдийн санаачилга, тэмцэл хэрхэн амжилт олохоос Монгол орныг хэрсэн хууль бус олон арван уурхайг цэгцлэх, хаах, нутаг усаа хамгаалах, хариуцлагатай уул уурхай бий болгох нөхцөл бүрдэх билээ.
Иймд Тосон бумбын төлөө буюу Монгол орны нийт иргэдийн эрх ашиг, байгаль хамгаалах үйлсийн төлөө нэгдсэн жагсаалд оролцохыг хүссэн иргэн бүрийг урьж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )