ОЛОН ӨНГӨ: Толинд туссан дүр

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 08 сарын 08

“Яасан маягтай юм”, “Алив хурдан ав”, “Ядаргаатай юм ядарч үхлээ”, “Таарч л байна шүү дээ... Наадахаа аваач” гэх мэт хүүхдээ загнасан, гулд чирч зулгаасан эцэг эхчүүд “Нарантуул” захаар дүүрэн... Ижий, аавдаа ингэж зэмлүүлсэн хүүхдүүд нүдэндээ нулимстай газар ширтэн бэдчинэ, зарим нь уурлаж хашхираад барьж байгаагаа шидчихээд гүйчихнэ... Ингэлээ гээд эцэг эхчүүд тайвшрахгүй... “Болихгүй юу, албатай юм уу”, “Ааштай муу ...” гээд хашхирна, адаар ааш гаргалаа гээд нуруун дундуур нь түг хийтэл цохиод авна.

Түм түжигнэж, бум бужигнасан их захын хөл хөдөлгөөнтэйг ч хэлэх үү, хичээлийн хэрэгслүүдийн гоё сайхан зураг хөрөгтэй, ганган чаминыг ч хэлэх үү... Хүүхэд, эцэг эхийн санааг аргагүй л хоёрдуулж, бухимдуулдаг нь үнэн. Тэглээ гээд түмэн олны дунд үрсээ харааж загнаад, шүлсээ үсчүүлээд юу хийнэ. Эвий үрс  балчир хэдий ч, ичих улаан нүүртэй шүү дээ. Томчууд бид “Бусдын өмнөөс ичих чинь лүд юм аа” гээд л ярьдаг. Гэтэл бяцхан үрс  таны өмнөөс ичиж байна, Та ойлгож байна уу.

Өдгөө бид хүүхдийн хүмүүжил гэж их ярих болсон. Гэвч түүнийгээ ойлгож, төгс хүн өсгөсөн түүх үгүй. Чухамдаа та өөрөө ямар ч шинжлэх ухааны нээлт, эрдэмтдийн судалгаанд үндэслэсэн бүтээлээс илүүтэй хүүхдэдээ нөлөөлж байдаг. Тиймээс л “Хүүхдээ хүмүүжүүлэхийн оронд эхлээд өөрийгөө хүмүүжүүл” гэсэн үг гарсан биз. Учир нь хүүхэд бол тэр чигтээ таны толинд дуссан дүр юм. Тэр таныг инээж байвал инээмсэглэж гараад найзуудтайгаа баяр хөөртэйгөөр тоглоно, хэрэв таныг уурлаж байвал эргэж хараад л тоглоомдоо бухимдаж эхэлдэг. Энэ тэдний буруу юу, эсвэл ирээдүйн төлөвшилд нь санаа тавиагүй таны буруу юу. Та сайн бодоод үзээрэй.

Хүн юу тарина түүнийгээ ургуулна гэдэг. Жимс ногоо ч тэр, жижигхэн үрс чинь ч тэр таны тэжээн, услан ургуулж буй ургамал юм. Услаад л байвал ургаад л байдаг цэцэг шиг, магтаад, урамшуулаад л байвал өнгө ороод байдаг “хүүхэд” хэмээх цэцэгсийг хатуу үгээр гундааж, хүйтэн харцаар жиндээхгүй л байх сан...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top