Хуулийн хулгай ЯЛАХ УУ, хуульт ёс ЯЛАХ УУ гэдэгт хариулт өглөө

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 13

-Тосон бумбад үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коал транс” компанийн эсрэг тэмцэл нь ердөө л Б.Чойжилсүрэнг хааж боох гээд байгаа, эсвэл заримынх нь цоллож буй шиг мөнгө нэхээд байгаа жижигхэн эрх ашгийн төлөөх шантааж биш. Хуулийн хулгайчид үргэлж ялан дийлсээр байх уу, хуульт ёс ялах уу гэдэг асуултад хариулт олохын төлөөх тэмцэл байлаа-

УИХ-ын тогтоолын дагуу Тосон бумбын нурууны байгалийн нөөц, тусгай хамгаалалтад авах учиртай нийт 893 мянган га газраас 153 мянган га-г нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар хилийн цэсийн гадна үлдээсний учир шалтгаан нь “Сауд гоби  коал транс” компанийн тусгай зөвшөөрөл бүхий 51 мянган га талбай байлаа. Тусгай хамгаалалтад авах бүсийн гадна сугарч үлдсэн 153 мянган га-гийн гуравны нэг буюу “Сауд гоби коал транс” компанийн зөвшөөрөл бүхий 51 мянган га газар гэдэг чухам хэдий хэр том нутаг вэ? Энэ бол улсын хүн амын тал хувь нь суурьшдаг Улаанбаатарын нутаг дэвсгэрээс найм дахин том газар нутаг. Ердөө гуравны нэг нь энэ хэмжээтэй гээд бодвол үлдсэн гуравны хоёрыг үүн дээр нэмээд үзье.

Улаанбаатар хотын газар нутгаас нийтдээ 24 дахин том газар нутаг уурхайн нүх болоход бэлэн байв. “Сауд гоби коал транс” компани байгаль орчны тийм том сүйрлийн үүдийг нээгээд байсан учраас үүнийг нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцсэн. Хамгийн гол нь тус компанийн энэ хүртэлх зөм мөр нь хууль бус үйлдлээр дүүрэн байсанд л тэмцлийн гол учир байв.

Тус компани сүүлийн хоёр жил нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах бүртээ, эсвэл хэвлэлийнхэн хандах бүрт хэлдэг “Бүх юм хуулийн дагуу” гэдэг ганц гоё үгтэй байв.  Түүнийгээ баталгаажуулсан хуудас, хуудас цаасаар бүхний амыг таглаж байсан ч үнэндээ тэдгээр хууль, тогтоомжийг үргэлж өөрсдийн талд гаргуулж ирсэн нь шударга бус байлаа.

Тосон бумбын нурууг уурхай болгохгүй гэж сөрж эхэлсэн Өмнөговьчуудын тэмцэл ийм л учраас төрийн эрх мэдлийн шат шатанд хууль, тогтоомжийг өөрсдийнхөө эрх ашгийн дагуу гаргуулж ирсэн “хуулийн хулгай”-тай хийх тэмцэл болж хувирсан юм. Дөрвөн сарын өмнөөс эхэлсэн нутгийн иргэдийн тэмцлийг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэмжсэнээр “Тост, Тосон бумба-Сауд гоби коал транс” хэмээх маргаан хоёр этгээдийн хоорондын зөрчил төдий биш НИЙГМИЙН асуудал юм гэдгийг олон нийтэд ч, төр засагт ойлгуулж чадсанаар тэмцлийн шинэ жишгийг бий болголоо. Албан тушаалтнуудын биш ард иргэдийн гаргаж тавьсан асуудлыг шударга үнэний хэмжүүрээр шийдэж чадсан Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өчигдрийн алхам ч шинэ жишиг  болж чадлаа.

Өмнөговийн иргэдийн л хэрэг явдал гээд хэгжүүрхээд хаячихаж боломгүй огт өөр үзэгдэл үүний цаана явж ирсэн нь дээр хэлсэнчлэн “хуулийн хулгай” юм. Тосон бумбад үйл ажиллагаа явуулж байсан “Сауд гоби коал транс” компанийн эсрэг тэмцэл нь ердөө л Б.Чойжилсүрэнг хааж боох гээд байгаа, эсвэл заримынх нь цоллож буй шиг мөнгө нэхээд байгаа жижигхэн эрх ашгийн төлөөх шантааж биш. Үнэний төлөөх дуу хоолойг бүдгэрүүлэх, гутаах гэсэн гүтгэлэг, доромжлол хангалттай их байсан ч хуулийн хулгайчид үргэлж ялан дийлсээр байх уу, эсвэл хуульт ёс ялах уу гэдэг асуултын эцсийн хариуг олтлоо шантрахгүй явж, ХУУЛЬ ЁС ялдгийг нотолсон Өмнөговь аймгийн уужуу сэтгэлт ард иргэд, тэднийг зохион байгуулалтад нэгтгэж манлайлсан иргэний нийгмийн байгууллагууд, бас Ерөнхий сайдад талархал илэрхийлэх нь зүй ёсны хэрэг билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.89.223) 2019 оны 08 сарын 13

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

1  |  0
Уншигч(43.228.129.86) 2019 оны 08 сарын 19

Unen shuu, demjij baina.

3  |  0
Top