Цагдаагийн ерөнхий газраас Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам болон Холбооны мөрдөх товчоотой хамтран 2019 оны наймдугаар сарын 26-31-ний өдрүүдэд “Авлига, мөнгө угаах, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.
Монгол Улсын цагдаагийн байгууллага алба хаагчдаа мэргэшүүлэх, ялангуяа мөнгө угаах, цахим гэмт хэрэг, терроризм зэрэг үндэстэн дамнасан зохион байгуулалттай болон шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг сайжруулахад онцгой анхаарал хандуулж, гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудтай байнга хамтран ажилладаг юм. Энэ удаагийн сургалтад Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба, Улсын Ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуулийн алба хаагч, ажилтнуудыг хамруулан зохион байгуулж байгаагаараа онцлогтой.
Энэхүү сургалтад Бээжин дэх Америкийн Нэгдсэн Улсын Холбооны мөрдөх товчооны Бүс нутгийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Стивэн Айван, туслах ажилтан Мэйсон Дрью, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн атташе Тимоти Рийд, Мөрдөн шалгах ажиллагаа хариуцсан Бүс нутгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дэд атташе Жефри Коллинс, Холбооны мөрдөх товчооны тусгай төлөөлөгчид оролцож алба хаагчидтай харилцан мэдээлэл, туршлага солилцон ажиллах юм.
Сэтгэгдэл ( 0 )