"2019-2020 оны хичээлийн шинэ жил" нэгдсэн арга хэмжээ буюу хичээлийн шинэ эхлэж буйтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэвлэлийн бага хурал хийлээ.
Уг хуралд, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Л.Амармөрөн, Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат нар оролцсон юм.
Энэ үеэр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Л.Амармөрөн “Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор нийслэл хотод хөдөлгөөн эрс нэмэгддэг. Өнгөрсөн жилийн хугацаанд 44,001 дуудлага бүртгэгдсэнээс 1,200 гаруй нь гэмт хэрэг, түүний 517 хулгай бөгөөд 84 нь халаасны хулгай байсан.
Үүнийг дагаад залилах хэрэг нэмэгддэг. Өнгөрсөн жил 17 удаагийн залилангийн гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ үеэр бүх хүн ажил, сургуульд явдагтай холбоотой хулгайн гэмт хэрэг нэмэгддэг бөгөөд халаасны хулгай ч нэмэгддэг. Өнгөрсөн тавдугаар сард нийтийн тээврийн автобуснуудын хяналтын камерын үйл ажиллагааг “УБ-смарт” компанитай хамтран камерын ашиглалтыг сайжруулсан. Нийтийн тээвэрт гарах халаасны хулгай буурч байгаа.
ААН, байгууллагууд, ялангуяа ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудын хяналтын камерын ашиглалт, хадгалалт ямар байна гэдэг дээр өнгөрсөн долоо хоногоос шалгалт эхэлсэн. Энэ хүрээнд 179 сургуулийн хяналтын камерыг шалгаад байна. 25 зөрчил илэрсэн. Шаардлага хангахгүй, гацдаг, дүрс нь харагддаггүй, хадгалалтын горим хангаагүй камеруудыг сайжруулах талаар сургуулиудын захиргаанд мэдэгдэл шаардлага хүргүүлж байна. Өнгөрсөн жил 21 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаагаар үйлчилсэн зөрчил гарсан тул ААН, байгууллагуудад тавих хяналтыг эрчимжүүлж ажиллана” гэлээ.
Түүнчлэн хичээл сургууль эхлэх үеэр хүүхэд зам тээврийн осолд өртөх нь эрс ихэсдэг бөгөөд энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат мэдээлэл хүргэлээ. Тэрбээр “Өнгөрсөн жилийн тухайд нийт хүүхэд өртсөн ослын 61.5 хувь нь явган зорчигч хэлбэрээр, 38.5 хувь нь зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна. Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн 80% нь харгалзах хүнгүй, ганцаараа замын хөдөлгөөн оролцож байсан бол зорчигч хүүхдүүдийн 92% нь буруу тээвэрлэснээс гэмтэж, амь нас, эрүүл мэндээрээ хохирчээ.
Томчуудын хайхрамжгүй байдал, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилт хангалтгүйгээс гарсан хүүхэд өртсөн зам тээврийн ослууд 4-6 болон 8-10 дугаар сард маш өндөр хувьтай байна. Өнгөрсөн оны наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 20-ны хооронд л гэхэд таван хүүхдийн амь нас хохирч, 100 гаруй хүүхэд бэртэж, гэмтсэн.
Иймд хүүхдийн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цагдаа болон боловсролын байгууллагаас олон талт ажлыг системтэйгээр авч хэрэгжүүлж байна. Үүний нэг нь 2019 оны наймдугаар сарын 15-ны өдрийн БСШУС-ын сайдын тушаал бүхий ЕБС болон эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй байгуулсан 25 заалттай гэрээ. Уг гэрээгээр багш, захирал, эцэг эхчүүд хуульд нийцсэн тодорхой төрлийн үүрэг, эрхүүдийг хүлээсэн бөгөөд гэрээний хэрэгжилтэд цагдаагийн байгууллага хяналт тавьж байна” гэсэн юм.
Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг “Манай хэлтэс дараах гурван чиглэлд эрчимтэй ажиллана. Нэгдүгээрт, сургуулийн орчинд, сургууль явах, харих замдаа гэмт хэрэгт өртөхөөс сэргийлж “School police” ажлыг эрчимжүүлнэ. Мөн үе тэнгийнхэндээ үлгэр дуурайлал үзүүлэх "Өсвөрийн сэргийлэгч" бүлгэмийг ахлах ангийн сурагчид 100 хувь байгуулах, эрх зүйн мэдлэг мэдээлэл олгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах юм.
Хоёрдугаарт, хүүхэд гэмт хэрэг осолд өртөж болзошгүй 2,100 цэг тэмдэглэгдсэн. Эдгээр цэгийн 1,100 орчмыг хөдөлгөөнт эргүүлийн шууд хяналтад оруулсан. Үлдсэн цагдаагийн байгууллага хүрч очиж чадахгүй байгаа эмзэг цэгүүдийг эцэг, эх асран хамгаалагчдын хяналтад оруулахаар 152 хорооны ажилтнуудтай хамтарч, мэргэжлийн дэмжлэг үзүүлэн ажиллахаар болсон. Мөн хичээл эхлэхээр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 175 цахим тоглоомын газар идэвхждэг ба эдгээр газруудад хяналт тавин ажиллана” гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913