ОЛОН ӨНГӨ: Үнэгүй амь

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 30

Манай шинэ үеийн залуус их буруу ойлголттой байх шиг санагддаг. Машин тэрэг бол зүгээр л хүний хэрэглээ юм. Одоо үед 18 нас хүрээд л сургалтанд хамрагдах, хамрагдахгүй нь хамаагүй сэтгэл хөөрлөөр жолооны үнэмлэх  худалдан авч бүгд төмөр хөлөг жолооддог болжээ. Ийнхүү төлөвшөөгүй насны залуус бас чиг зүгээр байхгүй, онгирно, сагсуурна. Аймшигт хэргүүд энэ мэтээс үүдэлтэйгээр гарсаар л байна. Зориулалтын бус төмөр хүлгүүдэд бүдүүн яндан зоож болох, болохгүй хамаагүй өнгө үзэмжийг харж, хятад обуд тавьцгааж түүнийгээ гоё, мундаг хэмээн эндүүрч явна. Үдэш оройн цагаар хоорондоо уралдаж, шарвалт хийж алтан амиа алдаж, бүлээн цусаа урсгасаар л.

Ижий аавууд ч хайртай хүүгийнхээ төлөө бүхнээ зориулах бэлэн тэр сэтгэлийг үүрдийн шаналал зовлонд унагасаар.  Гэвч төлөвшиж амжаагүй тэдэнд 100 хувь буруу өгөх нь өрөөсгөл.  Хайр, халамж хэмээн андуурч аюулт тоглоомоор тоглох боломж олгож буй эцэг, эхийнх нь өөрсдийн буруу ч үүнд бий. Өсвөр насанд бүхий л хүүхдүүд буруу зүйлд уруу татагдах хандлагатай байдаг. Энэ л чухал эмзэг насанд нь хүүхдээ балчир жаахан мэт хараа хяналтаа чангатгаж үргэлж хажууд нь биш ч чих тавин чагнан сууж байх нь эцэг эхчүүдийн үүрэг. Хайртай хүүдээ бэлэг болгон авч өгч буй тэр зүйлээрээ хүүгийнхээ амийг үрж байна. Үүрд өөрийгөө зүхэх бус үүрд хүүгээ үнэрлэх нь танд сэтгэлийн амар амгалан биз ээ.

Дүү нар минь төмөр хүлэг тоглоом биш. Чи бас нөөц амьгүй билээ, тоглоом мэт амьдралд бүү ханд. Ганц олдох энэ мөч дэврүүн ааш, сэтгэл хөдлөл, атаархуу зан, шуналаар нурааж яахин болох билээ. Аз сорьсон зүйлийг хэн, хэн нь бүү туршаасай билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
з(202.126.89.31) 2019 оны 08 сарын 30

яахав байгалийн шалгарлаар үлдэх нь үлднэ

0  |  1
Top