Хариуцлага алдсан албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлөхөө мэдэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 08 сарын 30

Захирагчийн ажлын алба, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Авто замын хөгжлийн газар зэрэг нийслэлчүүдийн өдөр тутмын ажил амьдралтай холбогдуулан үйл ажиллагаагаа явуулдаг нийслэлийн харьяа агентлагийн хариуцлагатай албан тушаалтнуудтай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр (2019.08.30) цаг үеийн асуудлаар шуурхай хуралдаан хийлээ.

Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Захирагчийн ажлын албаны хийж хэрэгжүүлж буй ажлын явцын талаар товч мэдээлэл хүргэв. Ингэхдээ өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон сургууль, цэцэрлэгийн барилгын засвар шинэчлэлийн асуудал, борооны ус тогтдог газруудыг засварлах ажлын зураг төслийн захирамжийн төсөл боловсруулсан гээд мөн хот нийтийн аж ахуйн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлаа тайлагнав. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 03 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд  тодорхой үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж, ажиллаж байна гэдгээ онцолж хэлсэн юм.

Хотын Захирагч С.Амарсайхан “Хавар хийсэн бүх нийтийн 90 минутын цэвэрлэгээний ажил үр дүнтэй болсон. Энэ ажлыг үргэлжлүүлж, дүүрэг, хорооны бүх хэсгийг хамруулж, илүү өргөн хүрээнд зохион байгуулах хэрэгтэй. Гэрэлтүүлэг, замын цэвэрлэгээ, арчилгааг хийх компаниудын хэрэгжилтийг хангахад цаашид анхаарч ажиллах, мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд хэрэгжүүлэх, ялангуяа өвлийн улиралд авто зам дээр цацдаг бодис давсыг ТҮК-ийн ажилтнууд гараа хүрз барьж, машины тэвшин дээрээс цацдаг байдлыг өөрчилж, авто замын хальтиргаа гулгааг арилгах зориулалт бүхий техник хэрэгсэл, машин механизмыг судлан худалдан авах чиглэлд анхаарч ажиллах”-ыг Захирагчийн ажлын албан дарга Т.Гантөмөрт үүрэг чиглэл болгов.

Дараа нь хуралдаанд нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр хийж хэрэгжүүлж буй ажлын явцаа тайлагнав. Тэрбээр “Авто замын хөгжлийн газарт 69 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Үүнээс 16 үнэлгээ хийгдсэн. Замын цагдаагийн гүүрэн гарцыг есдүгээр сарын 15-н гэхэд В рампын хамт нээхээр ажиллаж байна. Шөнийн цагаар хоёр ээлжээр ажиллахад осол гарах магадлал өндөр байна. Мөн ойр орчмын орон сууцанд амьдарч буй иргэд 22:00 цагаас хойш ажлыг хийхгүй байх шаардлагыг тавьж байгаа. Бусад төсөл арга хэмжээнүүд хэвийн үргэлжилж, ажлууд хийгдэж байна” хэмээлээ.

Хотын захирагч нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас сайжруулсан шахмал түлшний борлуулалт, түгээлтийн цэгүүдэд гэрээ байгуулах ажил ямар шатанд хэрэгжиж байгааг асууж тодруулав. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас “284 цэгт бүх дүүргүүдээр явж судалгааг хийсэн. Мөн түлшийг ашиглах зөвлөмжийг тараасан. Есдүгээр сар гэхэд 200 мянган түлш нөөцлөх шаардлагатай байна. Өдөрт 5.000 доошгүй түлш тээвэрлэх шаардлагатай. Тээвэрлэлтийн асуудал хүндрэлтэй байна” гэж НАБТГ-ын мэргэжилтэн танилцуулав.

Хуралдааны төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа ажил, төсөл хөтөлбөрүүдийн хувьд болж бүтэж байгаа зүйл цөөнгүй байгаа. Гэвч шийдвэрлэгдэхгүй удаж байгаа, хугацаа алдаж байгаа, гаргасан шийдвэр ажил болох тал дээр үр дүн муутай байгаа ажлууд цөөнгүй байна. Асуудал байгаа бол тодорхой хэлэх хэрэгтэй. Та нөхөд ажил хийх, хэрэгжүүлэх бүх боломжоор хангагдсан. Өөрсдийн чадах, боломжтой байгаа хүрээндээ асуудлаа шийдэж ажиллах ёстой. Бүх асуудлыг хот шийднэ гэж харж сууж болохгүй. Нийгмийн хариуцлагын хүрээнд аж ахуйн нэгжүүд агаарын бохирдлыг бууруулах ажилд идэвх санаачлагатай оролцох шаардлагатай. Шат шатандаа ажлын хариуцлагыг өндөр ухамсарлаж, хариуцсан ажилдаа эзний ёсоор ханддаг байх ёстой. Тодорхой хугацаанд үр дүн гаргаж ажиллахад сэтгэл дутаж байна. Хариуцсан ажилдаа удаа дараа хариуцлага алдаж, нийслэлийн ажлыг гацааж байгаа зарим газрын дарга нарыг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөлнө. Нийслэлчүүдийн хувьд том шалгуур болсон өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, айл өрх бүрт сайжруулсан шахмал түлшийг түгээх, борлуулах, мэдээлэл зөвлөмжөөр хангах ажлыг удаа дараа хангалтгүй зохион байгуулж байгаа Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга болон хүйтний улирлаас өмнө зам, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж чадахгүй байгаа, салбарын ажилдаа хангалттай хэмжээнд хяналт тавьж ажиллаж чадахгүй байгаа Авто замын хөгжлийн газрын дарга нарыг албан үүргээ хүлээлгэж өгөх шийдвэрийг гаргаж байна. Цаашид ажил хариуцсан албан тушаалтнууд цаг хугацаатай уралдаж хийгдэж байгаа төсөл хөтөлбөрүүдэд онцгой анхаарч, хяналтаа тавьж ажилла” гээд холбогдох албан тушаалтнуудыг хариуцсан ажлаа төлөвлөсөн хугацаанд хариуцлагатай хийж хэрэгжүүлэхийг хатуу анхааруулж, цаашид эрхэлсэн ажилдаа хариуцлага алдсан албан тушаалтнуудтай ажлын хариуцлага тооцож ажиллахаа мэдэгдлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(64.119.26.12) 2019 оны 08 сарын 31

замын ажлыг хугацаанд хийж чадахгүй дарга нарыг түргэн өөрчлөөч дээ

0  |  0
Бгд иргэд(203.91.115.41) 2019 оны 08 сарын 31

Дүүрэг болгон явган замыг шинэчлээчээ.! Хороо болгондро хариуцуулаад явган замын хэв материалыг чанартай эвдэрч хугарахгүй хиййгээчээ! Явган явах хүсэлтэй хүмүүс нэмэгдээд бна. Гэтэл 3-р хороолол модны 2-н гэмтэл ч явах зам бүгд бартаатай бас хулгайд алсаар явган явах боломж алга.

0  |  0
555(202.70.46.18) 2019 оны 08 сарын 31

ХОТЫН ДАРГА МАШ САЙН АЖИЛЛАЖ БНА:.ЦААШИД ЭНЭ ЭРЧ ХҮЧЭЭР АЖИЛЛАЖ АЖИЛ ЦАЛГАРДУУЛДАГ, МАНАНД ҮЙЛЧИЛДЭГ ДАРГА НАРААСАА САЛЖ ЧАДВАЛ ХОТЫН АЖИЛД ИХЭЭХЭН ДЭВШИЛ ГАРАХ БОЛОМЖ ХАРАГДАЖ БНА..

1  |  0
Судлаач (64.119.26.29) 2019 оны 08 сарын 31

Хотын энэ удаагийн баг үнэхээр сайн ажиллаж байгаа. Тогмидын Гантөмөр өдөр, шөнөгүй ажиллаж байна. Хотын мэр ч шаардлага өндөртэй, боловсролтой цэгцтэй дарга юм. Иргэд дэмжиж байгаа. Харин энэ мэдээгээ сайн боловсруулаач ээ. Зөв нэг ч өгүүлбэр алга. Хөшүүн модон хэл гэж ийм юмыг хэлдэг.

0  |  0
Мие(202.126.89.96) 2019 оны 08 сарын 30

Бүх дарга болсон гарууд тэгдэг л юм Яахын өөриинх шахсан нөхдүүд л хариуцоага алдана

0  |  0
Top