БАЯНХОНГОР: Орон нутгийн анхны архивын барилга ашиглалтад орлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 03

Монгол Улсын хэмжээнд хоёр дахь, орон нутгийн хэмжээнд анхны төрийн Архивын барилга Баянхонгор аймагт ашиглалтад орж нээлтээ хийлээ. Уг барилгын нээлтийн арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Архивын Ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Дэд дарга Ц.Гансүх, төрийн төрөлжсөн архивын дарга, удирдлага, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, аймгийн Засаг дарга Г.Батжаргал,  13 аймгийн ЗДТГ-ын дарга зэрэг нийт 100 гаруй төлөөлөгч оролцов. Энэхүү барилгын гүйцэтгэгчээр орон нутгийн “Навтгар хайрхан” ХХК ажиллаж, 2018 оны наймдугаар сараас 2019 оны наймдугаар сарын 21-ны хооронд барьж, ашиглалтад оруулжээ. Тус барилга нь тэнхлэгээрээ 24м*24м хэмжээтэй, гурван давхар улсын төсвийн хөрөнгө оруулалт 1,8 тэрбум төгрөгөөр баригдсан. Архив, бичиг хэргийн хадгалалт, хамгаалалтыг бүрэн шийдвэрлэсэн дохиолол хамгаалал, галын систем бүхий орчин үеийн шийдлийг өөртөө шингээжээ. 

Төрийн архивын хадгалалт, хамгаалалтын стандартыг сайжруулж, түүнийг бүрдүүлэх, иргэдэд үйлчлэх орчин нөхцөлийг сайжруулснаар монгол төр, Баянхонгор аймгийн түүхийн бүрэн бүтэн, халдашгүй байдал хангагдаж байна. Нөгөө талаар төрийн архив эргээд хүний эрх, эрх чөлөөг хангах чухал баримт бичиг болдог тул энэ ажил өндөр ач холбогдолтой аж. Уг барилга баригдахад 62 жилийн түүхтэй В.Эрдэнэчимэг даргатай Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн улсдаа тасралтгүй 10 гаруй жил тэргүүлсэн амжилт чухал нөлөө үзүүлснийг нээлтэд оролцсон албаныхан онцолж байв. В.Эрдэнэчимэг нь 1996 оноос өнөөдрийг хүртэл Баянхонгор аймаг дахь Төрийн архивын тасгийн даргаар ажиллаж байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top