Завхан аймагт өнгөрөгч амралтын өдөр олон тооны усны шувуу үхсэн хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, тус аймгийн Дөрвөлжин сумын нутаг Онц багт байх Бага нуурын усанд галуу, цахлай, алаг нугас зэрэг 2000 гаруй усны шувуу үхэж нуурын эрэгт гарч ирсэн байжээ. Мөн зарим шувууд нь өвчилсөн байдалтай байж болзошгүй гэх мэдээллийг аймгийн онцгой байдлын албанд ирүүлжээ.
Мэдээллийн дагуу аймгийн Онцгой комисс хуралдаж, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар Зоонозын өвчин судлалын төв, Мал эмнэлэг үржлийн газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус цаг уур орчны шинжилгээний газар болон нутгийн захиргааны байгууллагын нийт 14 алба хаагчтай ажлын хэсэг байгуулагдаж, үхсэн шувуудаас дээж авч шинжилгээнд хүргүүлээд байна. Мөн үхсэн шувуудыг булж устган, тухайн бүсэд ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ авчээ. Үхсэн шувуудын сэг зэмээс авсан дээжийн шинжилгээний албан ёсны хариу хараахан гараагүй байгаа ч урьдчилсан байдлаар томуугийн А хүрээний вирус байж болзошгүй байгаа ажээ.
Манай оронд шувууны томуугийн хүний өвчлөл өмнө бүртгэгдээгүй боловч хүнд халдвар үүсгэдэг A дээрх вирусаар Хөвсгөл аймгийн Эрхэл нуур, Булган аймгийн Хунт нуур, Увс аймгийн Увс нуур, Архангай аймгийн Дойтын цагаан, Дөрөө нуур, Сүхбаатар аймгийн Ганга, Зэгст нууруудын шувууд уг вирусаар өвчилсөн тохиолдол байдаг ажээ.
Сэтгэгдэл ( 0 )