Ч.Гантулга: Орчны бохирдлыг цогцоор нь шийдвэрлэнэ

2019 оны 09 сарын 04

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ч.Гантулгатай ярилцав.


-Хотжих процесс эрчимтэй өрнөж байгаа өнөө үед агаар, орчин, хөрс усны бохирдол ихсэх нь мэдээж. Яагаад гэвэл хүн ам олноор суурьшсан төв суурин газрын мөнхийн дагуул бол бохирдол. Үүнээс сэргийлэх  гол ажил яах аргагүй хот байгуулалтын зөв төлөвлөлт, барилгажилт болоод дэд бүтцийн хөгжилтэй шууд холбоотой.  Тэгтэл манай хот төлөвлөлтөө алдаад, уул өөд авирсан гэр хорооллоор дүүрсэн.  Тэгэхээр таны бодлоор ялангуяа хотын агаарын  бохирдлыг багасгах ямар арга зам байна гэж харж байна.

-Манай хотын агаар, ялангуяа өвлийн улиралд хэт бохирдож, утаа тортог нь хэвийн хэмжээнээс хэт давж, гамшгийн хэмжээнд хүрлээ хэмээн үздэг болсон. Үнэндээ утаатай олон жил тэмцлээ. Харамсалтай нь үр дүн гарсангүй. Бас олон сая, тэрбумаар хөрөнгө зарсан. Өвөл болоход тэр байдал хэвээр үргэлжилсээр.  Яах гэж тэр олон тэрбум төгрөг зарлаа. Зүй нь утааг багасгах, Нийслэлчүүдэд цэвэр аюулгүй  амьдрах орчин бүрдүүлэхийг  зорьсон боловч тэр бүх ажил талаар болжээ. Сүүлийн 15 жил л утаа гэж ярьж, “Цэвэр агаар сан”, “Агаар орчны бохирдлыг бууруулах сан” гээд сайхан нэртэй сангууд, бас “Нүүрс” хөтөлбөрийг хүртэл хэрэгжүүлэх гээд чадсангүй. Ингэж чадаагүйн гол шалтгаан бол Засгийн газраас хэрэгжүүлэх гэж эхэлсэн дээрх төсөл, хөтөлбөрүүд бүгд салангид, хөрөнгийн зарцуулалтанд тавих хяналт байхгүй, зах замбараагүй,  нэг засаг гарч ирээд л нэг юм хийх гэж оролддог, тэр нь ард түмний дэмжлэг ч авсангүй, баахан хөрөнгө шамшигдуулсан болж таараад л өнгөрч байх жишээтэй. Түүхий нүүрс савлаж түгээсэн,  төслийн 70.0 мянган зуух тараасан, сүүлдээ дулаалгын дээвэр туурга хүртэл тараасан. Тэр олон зуухнуудын олонх нь Орос руу гараад явсан, хөдөө орон нутаг руу шилжсэн гээд бод доо. Эндээс юу харагдаж байна гэхээр төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо  муу, авч хэрэгжүүлэх гэсэн ажил нь салангид, төсөл хөтөлбөрүүд нь хяналтгүй, жинхэнэ иргэддээ хүрч чадаагүй,  ард иргэддээ хүргэх систем  байхгүй байсантай холбоотой.

 -Тэр олон төсөл хөтөлбөрүүдийн хувь заяа ингэж  “эмгэнэлтэй”-гээр төгссөнийг манай олон түмэн сайн мэдэж байгаа. Тэгвэл  таны эрхэлдэг энэ үндэсний хороо оношоо зөв тавьжээ гэж үзэж болох уу...

-Дээр би дурдсан. Агаарын бохирдлыг бууруулах “аян дайн”-д дуртай болгон мордож,  төсөл хөтөлбөр нэрээр асар их хөрөнгө салхинд хийсгэж, эргээд харахад иргэдэд наалдсан юу ч үгүй үлдсэн нь үнэн.  Тэр их хөрөнгийг хяналттай, системтэй, тэгээд оновчтой шийдэлд зориулсан бол одоогийн  ийм  байдалд хүрэхгүй  байсан. Агаарын бохирдлыг  буруулах ажил салангид, хоорондоо уялдаа холбоогүй, гол гогцоо асуудлаа сонгож, түүнд зөв бодлогоор хандаагүй гэж үзэж болно. Иргэд ч мэдээллээр  хангагдаагүй, ойлголтгүй, бэлэн бус байсан нь нөлөөлөө биз.

-Та цогц арга хэмжээний тухай дурдлаа. Энэ хүрээнд ямар ямар ажлууд хийгдэж байна. Агаар, орчны  бохирдолтой тэмцэх ажил арай өөр  арга зам сонгожээ гэж ойлгогдож байна. Манай нийслэлчүүдийн хүлээлт бол өвөл нь утаагүй хотын төлөө байгаа. Зөвхөн өвлийн утаа ч биш, ер нь хотын агаарыг бохирдуулдаг олон хүчин зүйлс бий. Үүнтэй иж бүрнээр хандах ёстой  байх л даа. Түүнээс биш хэдэн яндантай тэмцэнэ гэдэг тийм ч үр дүнтэй арга биш бололтой.

-Тантай санал нэг байна. Орчны бохирдолтой тэмцэх ажил ганцхан утаа биш шүү дээ. Тэр эмх замбараагүй, оочин цоочин түүвэр арга хэмжээ амжилтанд хүрсэнгүй. Үндсэндээ тэмцлийн тэр өнгөрсөн арга 2018 оноос зогссон гэж хэлж болно. Бид энэ жил иргэдэд нээлттэй, үр дүнг нь хэмжиж болох 32 ажил, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна. 2018 оны хоёрдугаар сарын 28-нд Засгийн газрын 62 дугаар тогтоолоор нийслэлд түүхий  нүүрсний хэрэглээг энэ оны тавдугаар сараас эхлэн хорьсныг  та нар мэднэ.  Үүнтэй уялдаад, тухайлбал нийслэлийн 220.000 өрхийг сайжруулсан түлшээр хангах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Таван толгой түлш “ТТТ” ХХК-тай хамтарсан төслийг хэрэгжүүлж байна. Ингэснээр нийслэлд 600 гаруй цэгээс сайжруулсан түлш борлуулах бөгөөд  “сайн түлш карт” үнэгүй тарааж, түүгээр дамжуулан хянах боломжийг бүрдүүлсэн. Хамгийн гол нь айл бүрт хүргэх, хэрэглээг хянах, борлуулалтыг өрх бүрээр гаргахад энэхүү картаар бүрэн хянах боломжтой. “Ногоон зээлийн хөтөлбөр”  хэрэгжүүлж, ХААН, ХАС, Төрийн банкны салбаруудаар дамжуулан гэр байшингаа дулаалах материалыг  зээл, лизингээр авах, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүний банкны лизингийн хүүний 50 хувийг Үндэсний хорооноос санхүүжүүлэн хөнгөлж  өгч байгаа гээд олон ажлыг дурдаж болно.

Өнөөдөр нийслэлийн төвийн 6 дүүргийн нам даралтын болон усан халаалтын  2733 зуухыг бүртгэлжүүлэн паспортжуулж, стандартыг мөрдүүлэх арга хэмжээ авч байна. Тухайлбал 100 квт хүртэлх болон 1,4 мгв-аас том оврын зуухуудад үзлэг шалгалт хийх шаардлагатай. Тэгээд 100 квт-ын 290 зууханд яндангийн утаа шүүх шүүлтүүр суулгаж байна. Түүхий нүүрсээр ажилладаг дээрх зуухуудыг ингэж тоноглосноор хотын утаа багасгахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө.  Одоогийн байдлаар дээрх ажил 60 гаруй хувьтай явагдаж байна. Мөн ерөнхий боловсролын 20 сургууль, цэцэрлэгт түүхий нүүрсээр ажиллдаг дулааны бойлеруудыг цахилгаан болон хийгээр ажилладаг дулааны бойлероор солих ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар дээрх ажил 90 гаруй хувьтай явагдаж байна. Нийтийн тээврийн 150 автобусанд  “DPF”  шүүлтүүр суурилуулах ажил хийгдэж байна.

Манай хотын утаанд том оврын автобусууд, ялангуяа эдэлгээ дууссан, хуучирсан  техникийн хэрэгслүүд  маш их утаа хаяж орчинг бохирдуулдгийг та бүхэн мэднэ. Үүнийг мөн дэс дараатай авч хэрэгжүүлнэ. Учир нь автобус, машин гэдэг  жил ирэх тусам хуучирч, элэгдэж, эвдэрч, байгальд сөрөг нөлөөллөө үзүүлсээр байдаг эд.

-Орчны бохирдолтой тэмцэх ажил олон салбарыг хамарсан ажил байх. Ганц гэр хороолол ч гэдэг юм уу, ганц  нийслэл ч биш, ер нь л аргагүй л Үндэсний  хэмжээний алба хариуцаж, нэгдмэл зангидсан хүч байж тэмцэх нь ойлгомжтой. Энэ талаар жаахан тодруулах уу.

-Манай Үндэсний хорооны бүрэлдэхүүнд бүх яамны дэд сайдууд, ерөнхий газрын дарга нар, төрийн бус байгууллагууд ордог. Хорооны даргаар Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд Н.Цэрэнбат ажилладаг.  Асуудлыг хамт олон, хорооны гишүүдийн хэмжээнд ярилцаж судлан, засгийн газар болоод хөрөнгө оруулагчид, гадны зээл, тусламжинд тулгуурлан энэхүү бохирдлын асуудлыг цогцоор нь шийдэхийг зорьж ажиллаж байна. Манай нэг чухал үүрэг бол бохирдлын эсрэг төсөл хөтөлбөрүүдийг шалгаруулан санхүүжүүлэх тал дээр онцгой анхаарал хандуулж байгаа.  Олон ч салбар хамрагдаж байна. Тухайлбал Эрүүл мэндийн салбар  гэхэд Улаанбаатарын  зорилтот бүлгийн 56000  хүнийг уушгины  хатгалгааны вакцинд үнэ төлбөргүй хамруулж, 8 аймагт агаар, орчны бохирдлын эсрэг  төсөл хөтөлбөрийг шалгаруулан санхүүжүүлж байна. Мэдээж цааш өргөтгөж, аймгуудын тоо жилээс жилд нэмэгдэнэ. Хаягдал дугуй пакришкийг дахин боловсруулах үйлдвэрийг манайх санхүүжүүлж байгаа. Хотод  маш их дугуй хэрэгцээнээс гарч байгаа бөгөөд түүнийг цуглуулж  дахин боловсруулснаар хүүхдийн тоглоомын талбайн резинэн хавтан болон зөөлөн гадаргуйтай олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой.  Ус ундааны  хаягдал сав, суулгыг дахин боловсруулах үйлдвэрийг мөн  санхүүжүүлж байна гэх мэт.

-Манай нийслэлчүүд танай хорооны ажлаас ямар үр дүнг хүлээж болох бол.

-Ер нь бохирдлыг бууруулах  ажлын нэг гол хэсэг үйлдвэрлэл, үйлчилгээнд технологийн шинэчлэл хийх явдал гэж үзэж байна. Би бохирдлыг бууруулах ажлыг цогцоор нь шийднэ гэж  ярьсан. Жишээ нь Европын болон АНУ зэрэг хөгжилд хүрсэн орнууд стандартыг мөрдөж, бохирдлын эх үүсвэрүүдтэй хатуу тэмцэл явуулдаг юм байна. Байгаль орчинд хор хөнөөлтэй бол торгох, алданг тооцохоос авахуулаад үйлдвэр үйлчилгээг нь зогсоох хүртэл арга хэмжээ авдаг. Манайд байгаль экололгид аюултай хог хаягдал гаргаж буй өдий төдий үйлдвэр, уул уурхай ажиллаж байна. Энд технологийг мөрдүүлэх ажил нь шаардлагын хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй байна. Түүнд тавих хяналт нь ч хангалтгүй байгааг хэлэх хэрэгтэй. Жишээ нь технологийн шинэчлэл гэдэгт нүүрс орлох бүтээгдэхүүн гаргах, уурын зуухнуудыг төвийн дулаантай холбох, цахилгаан, дулааны асуудлыг шийдэх гэх мэт маш том том зорилтуудыг өдөөж, өлгөн авч шийдвэрлэхэд манай Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо их ажил санаачлан хийх шаардлагатай байгаа.

-Танай хороо Үндэсний хороо учраас мэдээж томоохон бодлогын асуудлыг дэлгэж тавин хэрэгжүүлэх ажлыг гардан гүйцэтгэнэ гэж ойлгогдож байна. Тийм эрх хэмжээг ч өгсөн байх учиртай. Энэхүү Үндэсний хороог Засгийн газрын тэргүүн ч ахлаад, ерөнхийлөгч ч ахлаад, нэг сайд ч ахлаад байгаа юм шиг хэн дуртай нь өөр дээрээ наагаад, дунд нь “манарч” яваад эцэст нь хариуцах эзэнгүй, хяналт тавьдаг системгүй болгож хаяад алга болдог явдал байсныг бид сайн мэдэх юм. Одоо миний бодлоор бол “Үндэсний хороо” гэсэн нэг эзэнтэй, хяналт болоод хариуцлагын тогтолцоотой, эргэж тайлагнах хийгээд ард түмэнтэйгээ холбогдох хэлхээ шижимтэй болжээ гэх төсөөлөл бууж байна.

-Би дээр хэлсэн 32 ажил, төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй гэж. Одоогийн байдлаар хэрэгжилт нь 80 гаруй  хувьтай байна. Оны эцэс гэхэд ажлаа бүрэн амжуулсан дүнтэйгээр шинэ онтой золгоно. Манайд одоо хөрс, ус, агаараар мэргэжсэн үндэсний сайн мэргэжилтэн, зөвлөх чухал байна. Хамгийн гол нь бид Засгийн газарт шинжлэх ухаанд суурилсан, үнэн бодитой дүгнэлт, зөвлөмжийг гаргаж өгөх, бохирдолтой тэмцэх ажлыг зөв эрэмбэлэн хаанаас нь эхлэх хийгээд яаж дуусгах баримжааг  мэргэжлийн үүднээс  гаргаж,  бодлого болгон, шийдвэрлүүлж, хэрэгжүүлдэг байгууллага болон өргөжөөд байна. Хууль эрх зүйн хүрээнд ч хийх юм их бий.

-Миний бодлоор  байгаль орчны бохирдол бууруулах, экологийг хамгаалах  тал дээр гаднаас олон төсөл, хөтөлбөр орж ирдэг юм шиг санагддаг. Түүний үр өгөөж хийгээд ард түмэнд наалдсан нь хэр байдаг юм бол.

-Манайх чинь олон юман дээр гадныхны гар хардаг болж. Өөрийн хийж чадаж байсан юмаа ч хийж чадахаа байгаад, юм л бол зөвлөх, зээл, тусламж, гадны төсөл хөтөлбөрт их шүтэж ирсэн байна. Ер нь маш олон төсөл хөтөлбөр хэрэгждэг ч харамсалтай нь монгол хүнд наалдсан нь нэн ховор  гэж хэлж болно. Би үгүйсгэж байгаа юм биш, олон жилээр мөрдөгдөж, үр дүнгээ өгч байгаа төсөл хөтөлбөр бий л дээ. Гэхдээ түүнээс олон төсөл, арга хэмжээ хоосон “чанар” үзүүлээд алга болсон.Тэр бүрийг бид хянаж чадахгүй. Ёстой “Бэлгийн морины шүд үздэггүй” гэдгийн үлгэрээр алга болж буй. Хамгийн гол нь гаднын төсөл, хөтөлбөрийн хөрөнгө богино хугацаанд үр дүнгээ үзүүлээд гарах ёстой.  Манайх гэхэд НҮБ, Азийн хөгжлийн банк, Жайка, Швецарийн хөгжлийн агентлаг зэрэг олон улсын байгууллагатай нягт хамтран ажиллаж байгаа.  Тэдний хөтөлбөр, төслүүд бүгд Засгийн газраар орж, байгаль орчны бохирдлын эсрэг тэмцэх чиглэлээр Үндэсний хороогоор дамжин хэрэгжиж байна. Байгаль  орчин экологийн асуудлаар болж байгаа Зүүн өмнөд болон Төв азийн улсуудын хурал чуулганы ажиллагаанд оролцож, мэдээлэл авахаас гадна тэдний анхаарлыг өөртөө татах тал дээр судалж ажиллах шаардлага их байгаа.

-Хамгийн сүүлд миний нэг  санаа зовж явдаг зүйл бол оршуулгын газрын асуудал л даа. Зөвхөн Улааанбаатар хотыг тойрсон 20-оод оршуулгын газрыг 2500 гаруй га талбай эзэлж байна. Тэгтэл нэг булш бүрэн задартлаа 20 орчим хорт хий 20-30 жил ялгарч, хөрс, ус, агаарыг бохирдуулж байдаг гэсэн судалгаа бий. Өөрөөр  хэлбэл орчинг бохирдуулдаг нэг гол цэг. Тэр тусмаа хот дотроо олон оршуулгын газартай манай хотын тухайд та цаашдаа ямар бодлого хэрэгжүүлэх бол.

-Маш сонирхолтой сэдэв. Мэдээж ойжуулж цэцэрлэгжүүлэх ёстой байх.  Сүүлийн жил Даландавхар буюу Хүчит шонхорын дэд станцыг барьж дуусаж байна. Энэ нь хэд хэдэн талын ач холбогдолтой. Нийслэлийн ЗДТГ, Захирхагчийн ажлын албатай  хамтраад тэнд байсан 1000 гаруй шарилыг шилжүүлэн, 25 мвт-ын цахилгаан дэмжуулах дэд станц барьснаар нэгд,  тэндхийн 20,0 гаруй мянган айлын цахилгаан хангамжийг сайжруулж, эмх замбараагүй булш бунхныг цэгцлэх ажил хийгдлээ. Энэ нь түүхий нүүрс, утаа гаргадаг зуухыг хязгаарлахад онцгой ач холбогдолтой зүйл болсоныг тэмдэглэх нь зүйтэй.  Зарим хүмүүс шарил зөөж, нүүлгэж юу хийгээд байгаам болоо гэх хардлага ч байсан. Тэгвэл нэг ийм арга хэмжээ болсон гэдгийг иргэд сайн ойлгох ёстой.

-Ер нь агаар, орчны бохирдол, хотын болоод хүний экологид гарч буй сөрөг нөлөөллийн талаар цаана нь ярих маш том сэдэв хэвээр байгаа. Иймд дараа илүү дэлгэрэнгүй мэдээлэл авна гэдэгт итгэлтэй байна.

-Та хэллээ. Бид хоёрын хөндсөн асуудал бол нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрахтай холбоотой чухал асуудал учраас эхний удаад Үндэсний хорооныхоо хэмжээнд, тухайлбал 2019 оны нэгдүгээр сар, өөрийн ажил авсан цагаасаа хойшхи хэсгийн талаар товч мэдээлэхийг хичээлээ.  Манай ажил, үүрэг бодлогын талаар бага ч болов мэдээлэх бололцоо  олгосон танд баярлалаа.

Эх сурвалж: “Open door”  сонины №32(258) дугаарт

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(66.181.161.109) 2019 оны 09 сарын 09

гол нь дулааны болон бохирын сүлжээ оруулахыг нүүрс утааны 15 жилийн мөнгөөр бага багаар шийдэж болох байсан, одоо ч шал дэмий зардал гаргаж байхаар энэ талд анхаарах

0  |  0
иргэн(202.21.100.210) 2019 оны 09 сарын 09

Нүүрс түлж үзээгүй цагаан захтанууд утааг яаж ойгох бэ дэ.

0  |  0
иргэн(202.9.42.251) 2019 оны 09 сарын 09

Технологийн шигэчлэл бол нүүрсийг орлох бүтээгдэхүүг гаргах гэжээ.Зөв шүү. Тэр бүтээгдэхүүг нь юу вэ. Дэлхий нийт юуг хэлээд байнаа. Миний бодлоор энэ бол хийн түлш, газрын гүний дулааныг ашиглах, сэргээгдэх эрчим хүч гэх мэт юм лдаа. Монгол хийн түлштэй юу?. Байнаа. Нүүрсний метан гэж байгалийн хийн нөөцийг амеркууд 45 их наяас дээш байх магадлалтай гэсэн. Бид олон жил хөөцлдөж энэ жил л эрхээ аваад хайгуулдаа орсон. Үүнийг төр дэмжсэн шиг дэмжвэл бид Таваг толгйн нүүрс биш хийг хоруугаа татна. Нүүрсийг Хятадруу зөөхөөс гадна хийгээ бас экспорлох маш их болмж бололцоо байна.

0  |  0
matilda(197.234.221.197) 2019 оны 09 сарын 09

Намайг хатагтай Матилда ЛЕКУСТР гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн хүн. Танд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол Буцах боломжтой хүмүүст зээл санал болгож байна Бид 5,000-1,000,000 еврогийн хооронд санал болгодог Манай зээлийн хүү жилд 2% байдаг Бид танд дараахь газарт туслах боломжтой: * Хувийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээлийн * Ипотекийн зээл * Мөн бусад газрууд ..... Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
хотын иргэн(202.131.245.69) 2019 оны 09 сарын 07

орчны бохирдолын асуудлыг тохижилт, үйлчилгээтэй уялдуулах хэрэгтэй. дулаан, ус гэх мэт инженерийн шугам сүлжээг солихдоо авто болон явган зам, ногоон байгууламж эвддэг. Холбогдох хуулиар нөхөн сэргээх зардлыг тухайн захиалагч, гүйцэтгэгч нь хотын төсөвт шилжүүлэх эсвэл буцааж тохижуулж нөхөн сэргээх ёстой. Гэтэл энэ зарчим алдагдсан. Хамгийн тод жишээ бол СХД-ийн 5 шар. цэвэрхэн аятайхан хотхон байсныг өнгөрсөн хугацаанд хийсэн олон шугам сүлжээний засвар яг дайны дараах хот шиг болгосныг харж болно. Ядаж байхад хорооны Засаг дарга гэж МАн-ы албан ёсны мануухай хүүхэн.

1  |  0
Анхаар(202.9.42.57) 2019 оны 09 сарын 07

Нэг зүйл эртхэн анхаарал хандуулах хэрнгтэй байна, хуучин зуслан гэр хороололд айл бүр жорлон ухаад тэрийг цаг тухайд нь зогсоогоогүйгээс одоо хөрс бохирдож бөөн асуудал зардал болж байгаа, одоо ХУДАГ гхргах асуудлыг маш хурдан хяналтандаа авахгүй бол ал болгон тус тусдаа худагтай болж жорлонгоос дор асуудал үүсэх болтрй байна

1  |  0
беккенбауэр(64.119.25.59) 2019 оны 09 сарын 07

ЗА ГУЦ ХЭДЭН ЖИЛ ИЙМЭРХУУ БАЛАЙ ЮМ ГУЦАХ ГЭСИЙН МАН-ЫХААН

1  |  0
Top