Зам тээврийн хөгжлийн яамнаас аймгуудад нислэгийн тоог нэмж эхэлсэн төдийгүй авиа компаниудад орон нутгийн нислэгийн тийзний үнийг бууруулахаар ажиллаж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд “Аэро Монголиа” компани энэ сарын 13-наас эхлэн Завхан аймгийн “Доной” нисэх буудал руу долоо хоногийн мягмар, баасан гариг бүр шууд нислэг үйлдэхээр болжээ.
Өнгөрөгч сарын сүүлээр Завхан аймгийн “Доной” нисэх буудал нь онгоц хөөрч, буух хатуу хучилттай зурвас, явгалах зам бүхий аэродромын иж бүрэн барилга байгууламжтай болж, хүчин чадлаа нэмээд байгаа юм. Тиймээс орон нутгийн зорчигчид болон гадны жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, иргэдэд агаарын тээврийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх үүднээс ийнхүү нислэгийн тоог нэмжээ. Одоогийн байдлаар тийзний үнэ 199 мянган төгрөг байгаа бөгөөд зорчигч та хэрвээ зорчих бол 7010-3030 дугаарын утсаар болон www.aeromongolia.com хаягаар тийзээ захиалж болох аж.
Дашрамд дурдахад, Зам тээврийн хөгжлийн яамнаас авиа компаниудтай тохиролцож Говь-Алтайн чиглэлд “Аэро Монголио” компанийн онгоцоор нислэгийнхээ тоог нэмэн, үнээ 10 хувиар бууруулаад байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Сайхан хэрэг байна шүү. Одоо л энэ улс орон дээшлэх шатандаа орох гээд л зүтгээд байна даа. Хүрэлсүх ерөнхий сайддаа, бас зам тээвэрийн сайддаа баярлаа