Замын хөдөлгөөний дүрмийн 15.2-р зүйлд “Уулзварыг бүрэн гүйцэт нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хориглоно” гэж заасан байдаг. “Yellow box” буюу шар дөрвөлжин тэмдэглэгээ нь замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэх, дүрэм зөрчсөн жолоочид торгууль оногдуулах, уулзварт түрүүлж ороод түгжрэл үүсгэдэг асуудлыг цэгцлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Дэлхийн олонх улс орон "Yellow box junctions" буюу шар дөрвөлжин тэмдэглэгээгээр уулзваруудынаа нэвтрүүлэх чадварыг сайжруулсан байдаг. Харин манайд Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор ажлын болон ажлын бус цагаар байнгын ачаалалтай уулзварууд болох Цэцэг төв,Үндэсний төв музей, МУБИС зэрэг байршлын уулзварт шар тэмдэглэгээ болон хянах камер байрлуулаад тодорхой хугацаа өнгөрөөд буй. Энэ хугацаанд дээрх заалтыг зөрчсөн буюу шар тэмдэглэгээг харсаар байж “Зогс” шугамын ард зогсолгүй уулзварт орж хөндлөн чиглэлд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж түгжрэл саатлыг механикаар үүсгэсэн жолооч нарыг торгох арга хэмжээг авсаар ирсэн.
Энэ оны 2 сарын 18-аас өнөөдрийг хүртэлх хугацаанд л гэхэд дээрх дөрвөн уулзварын программ хангамжид 21216 машин бүртгэгдснээс 1304 жолооч дээрх заалтыг зөрчиж торгууль хүлээсэн байна гэж Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллэв.
Сэтгэгдэл ( 0 )