Архангай аймгаас Хүүхдийн спортын VI их наадмын 12 төрөлд мэргэжлийн 15 багшийн удирдлага дор нийт 96 тамирчин оролцож байна. Эдгээр тамирчдад нэгдсэн журмаар нэгэн жигд хувцсыг Биеийн тамир спортын газраас хүлээлгэж өглөө. Мөн аймгийн тугийг ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид, БТСГ-ын дарга Р.Батболдод шилжүүлэн өгч, спортын амжилт хүслээ.
Спортын наадам Улаанбаатар хотноо энэ сарын 9-15-ны өдрүүдэд болж байгаа ба нийт 5000 гаруй өсвөрийн тамирчид оролцож байна. Архангай аймгийн ЕБС-иудаас олон тамирчин оролцож байгаа бөгөөд спортын төрөлжсөн сургалттай V сургуулиас хамгийн олон хүүхэд оролцож байгаа юм. Өөрөөр хэлбэл, тус сургуулиас энэхүү зуны наадмын спортын төрөл болох чөлөөт бөх, жүдо, самбо, хөнгөн атлетик, шатар, бадминтон гэсэн зургаан төрөлд долоон багшийн удирдлага дор 40 гаруй тамирчин сурагчид оролцож байгаа аж. Спортын төрөлжсөн сургалттай V сургуулийн тухайд тус наадмын өвлийн спортын төрлүүдээс цанын төрөлд анхны мөнгөн медалийг авч байжээ. Энэ удаад Архангай аймгийн өсвөрийн тамирчдаас боксын төрөлд анх удаа оролцож байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )