Өнөөдөр цахим орчноор сонин юутай вэ? Хэн амжилтад хүрснээ зарлан тунхаглаж, хаана сайн үйлсийн аян болж өнгөрсөн байна. Хэнд зовлон тохиолдож тусламж хэрэгтэй байна. Энэ бүх мэдээллийг бид өөрсдийн фэйсбүүк, инстаграм, твиттер хуудсаараа дамжуулан хамгийн хурдан мэддэг.
Бусад хүмүүс тэгж амьдарч байхад харин та юу хийж байна. Олон цагаар цахим орчноор сэлгүүцсэн хэвээрээ л байна уу. “Нам гүмд амжилтад хүр!” энэ үгсийг би өчигдөр цахим орчинд ихэд алдаршсан нэгэн залуугийн влогийг үзэж байхдаа сонссон юм. Өмнөө тавьсан хамгийн том зорилгоо бусдад бүү илчил, нам гүмд алхам алхмаар түүнд хүр гэж тэр зөвлөж байсан. Бараг л автобусанд явж байгаад настай хүнд суудал тавьж өгсөн бол зургийг нь аваад олон нийтийн сүлжээнд тавьдаг болсон одоо үед энэ чухал зарчим ихэнх залууст дутагдаж байх шиг.
Сошл хэрэглээ хэвийн хэмжээнээс хэтэрч байгаа явдалд бид өөрсдөө л шүүмжлэлтэй хандахгүй бол амьдралд үнэ цэнтэй зүйл улам л ховордох болно. Магадгүй хэдэн жилийн дараа хувийн амьдрал гэж үгүй, хүссэн нэгнийхээ амьдралыг бид зөв бурууг нь шүүж, ялладаг болчихвол яана гэсэн айдас төрөх нь энүүхэнд. Тиймээс л цахим хэрэглээг илүү нууц, хувийн, үнэ цэнтэй байлгах нь зөв бас чухал. Хэрвээ та сайхан амьдрахыг хүсэж байвал түүнийгээ бусдад бүү илчил, их мөнгөтэй болмоор байвал мөн адил. Амжилтад хүрмээр, мөрөөдлөө биелүүлмээр, хүссэн байр, машинаа худалдаж авмаар байвал нам гүмд хий, бүтээ. Цахим орчин “бурхан” биш. Интернет хэний ч хүслийг биелүүлэхгүй. Хувь хүний амжилтад хүрэх хамгийн том боломж бол хувь хүн өөрөө билээ.
Сэтгэгдэл ( 0 )