ОЛОН ӨНГӨ: Зөв шийдвэрийг шууд хэрэгжүүлдэг болцгооё

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 17


Ням гарагийн өдөр ажилдаа ирэхдээ гурван цагийг зарцууллаа. Хайран гэж халагламаар цаг шүү. Өглөө, өдөр, оройгүй Улаанбаатарын зам автомашинаар хахдаг болов. Хахдаг болов гэдэг нь мэдээж түгжрэлийг хэлж байгаа хэрэг. 2019 он гарсаар 72 мянган автомашин улсын хилээр орж ирсэн статистик судалгаа байна. Тэр бүгд Улаанбаатарын замын түгжрэлд хувь нэмрээ оруулж байгаа гэсэн үг. Нийслэлийн автозамын түгжрэлийн талаар мянгантаа улиглан бичдэг ч гарсан үр дүн алга. Нийслэлийн удирдлагууд дорвитой ажил хийлгүй ард түмнийг тандах маягаар ийм ч бүсчлэл, тэгж ч явуулна хэмээн сүрхий юмс ярьдаг ч сошиал дахь хүмүүсийн сөрөг сэтгэгдлийг хараад гаргаж амжаагүй шийдвэрээ “цуцалдаг”. Тэд ингэж л ард түмнээрээ даажигнаж, сэтгэлзүйн тест хийх маягтай бор хоногийг өнгөрүүлж байна.

Дугаарыг хязгаарлалттай болсноос хойш автомашины тоо эрс нэмэгдсэн судалгаа бий аж. Дугаарын хязгаарлалттай хязгаарлалтгүй автомашин явах боломж улам л хумигдсаар байна. 2021 он гэхэд Улаанбаатар хот автомашины “0” зогсолт хийнэ гэдгийг ярьсаар л. Харин манай Хотын дарга автомашинуудыг тэгш, сондгойгоор нь явуулахаар судалж байна гэж байсан. Ээлжит нэг тест л дээ. Дугаарын хязгаарлалттай болсон цагаас хойш боломжтой зарим нь хоёр машинтай болсон. Тэгвэл тэгш, сондгой гэж дугаараар нь хязгаарлаад эхэлбэл 20 саяын үнэтэй машинаа зараад хоёр приус аваад уначихдаг юм байгаа биз дээ. Манай хотын удирдлагууд аливаа зүйлийг тооцоо судалгаан дээр үндэслэх бус толгойд орсон бодлоо иргэдэд тулгадаг нь тэдний алдаа.

Нийслэл нэгэнт метротой болж чадахгүйгээр хойш автозамуудаа бүсчилээд хотын төв рүү зайлшгүй орох шаардлагатай иргэд тухайн цэгээс автоматаар төлбөр төлөөд зорчдог баймаар байна. Хүмүүс хэл ам хийвэл хийнэ л биз. Зоригтойхон бай л даа. Үнэхээр шаардлагатай иргэд л хотын төв рүү ордог болчихвол нийслэлийн түгжрэл тодорхой хэмжээгээр хумигдана. Дэмий сэлгүүцэгчид хазаартай болно. Дүлэгнэсэн “баас” шиг цухалзаж иргэдээ бухимдуулахаа боль. Автобусаар иргэдийг картаар зорчуулдаг болно гэхэд “Карт нь олдохгүй. Үүн шиг сансрын юм байхгүй. Дарга нар бизнесээ зогсоо” гээд өнөөдрөөс илүү шүүмжилж байсан биз дээ. Гуравхан жилийн дотор иргэд картаар зорчоод сурчихсан байна. Нэн шаардлагатай зарим зүйлийг шууд шийдвэр гаргаад явуулж байх хэрэгтэй, хотынхоон. Зөв шийдвэрүүдээ шууд хэрэгжүүлдэг болцгооё. Сонгууль бодож биш иргэдээ бодож ажилладаг баймаар юм даа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top