Бидний өмнө маш олон сонголт тулгардаг. Идэх хоол, өмсөх хувцсаа хүртэл алийг нь хэрэглэвэл өөрт таарч тохирох, таатай байхыг бодож сонгодог. Хүнд өөрийн үзэл бодол, оюун ухаан, туулсан туршлага, үзсэн үнэлэмж гэж бий. Бусдын өмнөөс амьдарч буй мэт ямар ч зорилгогүй, сонголтгүй амьдарна гэдэг эмгэнэлтэй. Аав ээж л мэднэ, ах эгч л шийднэ, хувь тавилан л харна биз дээ гээд дээшээ харан хэвтсээр амьдралын сонголтгүй, урсгалаараа явах нэгэн байхад жанжин шугамаасаа хазайхгүй, зарчим мөрдлөгөөсөө урвахгүй өөрийн сонголтын төлөө өдөр шөнөгүй тэмцдэг нь ч байх.
Сонголт гэдэг өөрөө зөв, буруу гэсэн хоёр туйлтай зүйл биш л дээ. Энэ замыг сонговол цагаан, тэр замыг сонговол хар гэсэн ч үг биш. Алийг нь ч сонгосон амьдралын мөн чанар, хүний мөс чанарын үнэн, худал дундуур туучин өнгөрнө. Тэгж байж хийсэн сонголтынхоо үнэ цэнийг мэдэрч, ухаарах буй за. Та хэрэв ямар нэг сонголтын өмнө зогсож буй бол зүрх сэтгэлээ чагнаж, аль нь таны дотоод мөн чанарт ойр жин дарж, өөрийнхөөрөө байх эрх чөлөөг олгон буйг нь л сонгоорой. Хүнд таалагдах гэж өөрөөсөө хахь ондоо баг зүүж, хүний амьдралаар, утсан хүүхэлдэй шиг амьдралыг сонгочихоод хэн ч биш болуузай. Сонголт та өөрөө, таны дотоод мөн чанар, хүч чадал, хүсэл сэтгэлд буй юм шүү.
Сэтгэгдэл ( 0 )