ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас өчигдөр /2019.09.18/ мэдээлэл хийсэн юм.
Хэвлэлийн бага хуралд тус газрын дарга, Цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, Хар тамхитай тэмцэх тасгийн дарга, Цагдаагийн хурандаа Г.Давааням болон Гаалийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн мэргэжилтэн нар оролцлоо.
Өнөөдрийн байдлаар манай улсад гадаадын 11 иргэн хар тамхины хэргээр ял эдэлж байгаа бол Монгол Улсын 45 иргэн гадаадад хар тамхины хэргээр ял авчээ. Энэ талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Монгол Улсад түр болон байнгын оршин сууж байгаа гадаадын иргэд энэ төрлийн гэмт хэрэгт ихээр холбогдож байна. Өнөөдрийн байдлаар гадаадын 11 иргэн хар тамхины хэргээр ял эдэлж байна. Үүнээс Франц, Их Британи, Нигер, Энэтхэг, Турк, АНУ-ын иргэд хэрэгт холбогдсон. Харин Монгол Улсын 45 иргэн хар тамхины хэргээр гадаадад ял эдэлж байна. Үүнээс нэг иргэн Словак улсад, үлдсэн 44 иргэн нь Хятад улсад ял эдэлж байна. Зарим иргэн ялын дээд хэмжээ авсан. Түүнд анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай” гэх мэдээллийг өглөө.
Хэвлэлийн бага хурлын үеэр цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, далд хэрэглэгч нарыг илрүүлэх, хууль бус хэрэглээг хязгаарлах зорилгоор иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хандан “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгыг гарган, тодорхой ажил арга хэмжээг зохион байгуулж байгаа талаараа онцоллоо.
Харин энэ оны эхний есдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 193 хэрэгт 330 хүн холбогдон шалгагджээ. Үүнээс Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт энэ төрлийн 170, хөдөө орон нутагт 23 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 32.2 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин холбогдогч нарын тоо 21.9 хувиар өсжээ. Нийт хүмүүсийн 282 нь буюу 85.4 хувь нь 19-35 насныхан, 17 буюу 5.1 хувь нь насанд хүрээгүй буюу 15-18 насны хүүхэд эзэлж байна. Эдгээр насанд хүрээгүй 17 хүүхдээс 13 нь ерөнхий боловсролын дунд сургуулийн хүүхдүүд холбогджээ. Энэ нь мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг хүмүүсийн нас улам залуужиж байгааг илтгэсэн тоо юм.
Сэтгэгдэл ( 2 )
ХАР ТАМХИ ХАР ТАХАЛ, АЮУЛ ШҮҮ ХУУЛИА МАШ ЧАНГА БОЛГОХ ЯЛАА НЭМЭХ, БҮХ НАСААР НЬ ХОРИХ, Дараа нь харамсаад ч барахгүй дийлдэрээ байчихвал сүйрэл шүү, одоо л таслах ёстой
ЭНЭ МАНАЙ ДЭЛХИЙ ДЭЭРХ ХАМГИЙН АЙМШИГ БОЛ ХАР ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭ... БYГД ХОЛ ЯВАХ НЬ ОНЦГОЙ ЧУХАЛ