Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан энэ сарын 21-22-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллаж, аймаг сумын удирдлагуудтай уулзалт хийлээ.
Уулзалтын хүрээнд талууд Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийн талаар ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлсний зэрэгцээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Орон нутгийн сонгуулийн хуулийн төслийн талаар санал солилцов.
Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Xөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр, албан ёсны зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгөөр орчуулагдан гарсан “Хууль тогтоомжийн төсөл боловсруулагчийн ширээний ном: практик гарын авлага” бүтээлийн дээжээс тус аймгийн ИТХ-ын дарга А.Ишдоржид гардуулан өглөө.
Д.Лүндээжанцан: Өрөөлийг ялахаас илүү өөрийгөө ялж сурах хэрэгтэй
Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын гишүүн, гавьяат хуульч Д.Лүндээжанцангийн нэрэмжит Хангайн болон говийн бүсийн аймгуудын өсвөрийн шатарчдын “Багийн аварга” шалгаруулах тэмцээн болсон юм. Энэхүү тэмцээн нь жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулагдаад 10 гаруй жил болсон бөгөөд тэмцээнд Өвөрхангай, Архангай, Булган, Өмнөговь, Баянхонгор зэрэг таван аймгийн хүүхэд багачууд оролцдог байна.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д. Лүндээжанцан, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Монгол Шатрын спортын холбооны дэд ерөнхийлөгч Б.Наранбаатар, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Ж.Жанцандорж, Аймгийн шатрын холбооны нарийн бичгийн дарга Д.Очирбал болон албаны бусад хүмүүс оролцов.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, “Миний нэрэмжит шатрын тэмцээнийг анх Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Ж.Жанцандорж санаачилж байлаа. Аймаг, сумдад шатрын спорт эрчимтэй хөгжиж, хүүхэд багачууд оюуны спортоор идэвхтэй хичээллэж байгааг харахад сайхан байна. Өсвөрийн шатарчдын ур чадвар, тэдний өрсөлдөх чадвар улам дээшилж байна. Олон улсад ч манай шатарчдын чансаа өндөр болж байна. Улсын аварга шалгаруулах тэмцээн олон улсын зэрэглэлийн түвшинд хүрсэн гээд тоочвол олон зүйлийг хэлж болохоор байна. Хэдэн жилийн өмнө энэ тэмцээнд ороод хожигдоод уйлж суусан хүү өнөөдөр спортын мастер болоод явж байна. Шатрын спорттой амьдралаа холбоод 30 гаруй жил болоход өрөөлийг ялахаасаа илүү өөрийгөө ялж сурах нь чухал гэдгийг ойлгосон” гээд орон нутагт оюуны спортыг дэлгэрүүлж, сурагчдын авьяас билгийг нээн хөгжүүлж байгаад орон нутгийн удирдлагууд болон Монголын шатрын холбооны хамт олонд баяр хүргэж, оюуны их спортоор хичээллэж байгаа хүүхэд, багачууддаа амжилт хүсэв.
Энэ удаагийн тэмцээнд Өмнөговь, Булган, Өвөрхангай аймгийн бүсээс шалгарсан 11 багийн 170 гаруй тамирчид 7 насны ангиллаар 42 багц медалийн төлөө өрсөлдөж, авхаалж самбаа, оюунаа сорьсон юм. Тэмцээний нийлбэр дүнгээр Өвөрхангай аймгийн нэгдүгээр баг 3 алт, 5 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүллээ.
Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан найман ахмад шатарчинтай нэгэн зэрэг нөхөрсөг тоглолт хийж, өөрийн номоо дурсгав.
Өвөрхангай аймаг газар тариалангийн салбартаа Япон технологийг нэвтрүүлж эхэлжээ
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Өвөрхангай Түншлэл-2019” намрын баярт оролцов. Сум, орон нутагтаа үйлдвэрлэл эрхэлж байгаа үйлдвэрлэгчдийг дэмжих, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэх, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг энэ арга хэмжээ 19 дэх жилдээ болж байна.
Сүүлийн жилүүдэд Өвөрхангай аймгийн бизнесийн салбарын өрсөлдөх чадвар нэмэгдэж байна. Тухайлбал, өнгөрсөн онд гэхэд улсын хэмжээнд бизнесийн өрсөлдөх чадвараар хоёрдугаарт, эдийн засгийн өрсөлдөх чадвараар тавдугаар байрт орсон үзүүлэлттэй гарсан. Төр засгийн бодлогоос гадна олон улсын төсөл, хөтөлбөрүүд орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжихэд бодитой хувь нэмэр оруулдаг. Өвөрхангай аймаг, Японы Такикава хот хооронд найрамдалт хамтын ажиллагаа тогтоогоод найман жил болж байна. Энэ хугацаанд хоёр тал газар тариалангийн салбарт үр бүтээлтэй хамтран ажиллаж байна. Орон нутгийн газар тариалан эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төслүүд амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд хамтын ажиллагааны үр дүнд Өвөрхангай аймгаас 30 гаруй мэргэжилтэн Японд газар тариалангийн чиглэлээр суралцаж ирээд сурсан мэдсэнээ амжилттай хэрэгжүүлж байгаа. Мөн бөөрөнхий сонгиныг үрсэлгээгээр тариалах технологийг үр дүнтэй нутагшуулж, 18 сумын 172 тариаланч энэхүү тариалалтыг амжилттай туршиж, үр шимийг нь үзэж байгаа талаар аймгийн Засаг дарга Г.Ганболд танилцууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )