Дулаан түгээх компаниудад шалгалт хийж байна

2019 оны 09 сарын 24

Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Эрчим хүчний зохицуулах хорооны даргын хамтарсан 2019 оны 09 сарын 17-ний өдрийн А/129-А/279 дугаар тушаалаар Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын үйл ажиллагааг хуульд нийцүүлэх, бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх асуудлыг шалгаж дүгнэлт гаргах, санал боловсруулах чиг үүрэг бүхий 21 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан.

Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй “Ганманлай” ХХК, “Дэнж хотхон” ХХК, “Дай цэцэн” ХХК, “Тунамал арвижах өргөө” ХХК, “Комфорт таун инвест” ХХК, “Ди Ди прогресс” ХХК, “Нэмэх түвшин” ХХК, “Хан-Уул өргөө” ХХК, “Цэцэнбээс” ХХК-иудад 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 07-ны өдрийн хооронд “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл”, “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар”, “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар”, “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар”, “Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар”, “Нийслэлийн цагдаагийн газар”, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ хамтран дараах асуудлыг газар дээр нь шалгаж холбогдох арга хэмжээг авч ажиллана.

  1. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас дулааны эрчим хүч худалдан авч байгаа тусгай зөвшөөрөлгүй этгээдүүдийн судалгааг гаргах;
  2. Ус, дулаан дамжуулах төв, шугам сүлжээний ашиглалтын түвшинд үнэлэлт өгөх;
  3. Тоног төхөөрөмж, шугам сүлжээний өмчлөлийн байдал, холбогдох бичиг баримт бүрдэл;
  4. Тухайн компанийн хариуцаж байгаа барилга орон сууц, хотхоны байнгын ашиглалтад оруулах Улсын комиссын актад ашиглагч байгууллагыг хэрхэн тусгасан талаарх мэдээлэл судалгаа гаргах;
  5. Тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх;
  6. Орон сууцны ашиглалтыг газар дээр нь үзэж, оршин суугчдын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулах;
  7. Хэрэглэгчдийг чанарын шаардлага хангасан дулааны эрчим хүчээр хангаж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх;
  8. ЭХЗХ, ХСУХАТАҮЗЗ-нөөс баталсан дүрэм, журам баталсан үнэ тарифыг мөрдөж байгаа эсэхийг хянах;
  9. Хэрэглэгчдийн дуудлага, санал хүсэлтийн барагдуулалт, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг газар дээр нь үзэж танилцах;
  10. Ус дулаан дамжуулах төв, шугам сүлжээний өмчлөл бүртгэлтэй эсэхийг хянаж тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх боломжтой эсэхийг тодорхойлох;
  11. Тусгай зөвшөөрөлгүйгээр явуулж буй үйл ажиллагааг бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэхэд шаардлагатай арга хэмжээний төслийг боловсруулах, дүгнэлт гаргах;
  12. Тусгай зөвшөөрөлгүй компаниуд болон хангагч байгууллага хооронд үүссэн өр төлбөрийн байдал түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар санал дүгнэлт гаргах;

Ажлын хэсэг өнөөдөр эхний хурлаа хийж цаашид ажиллах нарийвчилсан төлөвлөгөө, хяналт шалгалт явуулах хуваарь болон бүрэлдэхүүнийг хуваарилах зэрэг асуудлуудыг хэлэлцэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top