Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг танилцууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 26

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVII хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг дэмжих тухай, Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай, тогтоол өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг өнөөдөр /2019.09.26/ хэлэлцлээ. Хуралдааны эхэнд “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг дэмжих тухай асуудлын танилцуулгыг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хийлээ. Улаанбаатар хотын 2020 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хугацаа дуусаж байгаа бөгөөд биелэлтийг 29 хувьтай хэмээн дүгнэсэн байна. Биелэлтийн хувь тааруу байгаа нь төлөвлөлт муу, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалсан гэж үзэж байгаа аж.

Улаанбаатар хот 2040 онд 532.000 га талбай, 2.2 сая хүн амтай, оновчтой газар ашиглалт, зохион байгуулалттай, байгаль орчинд ээлтэй, тогтвортой зам тээврийн дэд бүтцээр холбогдсон үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуй төрөлжин хөгжсөн, дагуул хот тосгод бүхий цогц хот болгон хөгжүүлнэ хэмээн тусгасан байна. Хурдны авто зам, шинэ төмөр зам, Аргалант-Эмээлт, Налайхад логистикийн төвүүдийг шинээр байгуулснаар ачаа тээврийн урсгалыг Улаанбаатар хотоос гаргаж, төвлөрлийг сааруулна хэмээн тооцсон байна.

Инженерийн дэд бүтцийн хангамжийн 70 хувийг төвлөрсөн, 30 хувийг хэсэгчилсэн бие даасан шугам сүлжээнээс хангах аж. Хүн ам нь сайжруулсан сууц болон барилгажсан хэсэгт амьдрах бол гэр хорооллын үер усны эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа өрхүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлж, орон сууцжуулах замаар газрыг чөлөөлж, ногоон бүс болгон хөгжүүлэх юм. Хөгжлийн зургаан стратеги, стратегийн 22 зорилго, хэрэгжүүлэх 69 арга хэмжээг тусгажээ. Хөгжлийн зургаан стратегийг тодорхойлж байгаа бөгөөд үүнд байгаль, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилтэй хот, суурьшлын оновчтой тогтолцоо, орон зайн бүтэцтэй хот, амьдралын орчин, тэгш хүртээмжтэй хот, нөөцийг ариг гамтай, үр дүнтэй ашигласан, ухаалаг хот болгон хөгжүүлэхээр тусгажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top