Манай улсын 2018 оны мал тооллогын дүнгээр мал сүрэг 66.5 сая толгойд хүрч өмнөх онтой харьцуулахад 240.0 мянган толгой буюу 0.4 хувиар өссөн. Үүнээс адуун сүрэг 3940.0 мянгаар тоологдсон нь 2017 онтой харьцуулахад 5.9 хувиар тоо толгойн нэмэгдсэн. Малыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор 2018-2019 оны өвөл 18 сая орчим толгой малыг төхөөрч мах, түүхий эдийг бэлтгэсэн үүний 70 гаруй хувийг уламжлалт гар нядалгааны аргаар бэлтгэсэн бол үйлдвэрийн аргаар бэлтгэж байгаа малын тоо харьцангуй бага байна.
Уламжлалт аргаар мал төхөөрөх үед үүсдэг механик гэмтлээс шалтгаалж, стандартын шаардлага хангахгүй адууны шир “Эмээлт” захын түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн агуулахад их хэмжээгээр хуримтлагдсан, эдгээрийг боловсруулах үйлдвэрүүд авахгүйн улмаас дотоодод зах зээлийн эргэлтэд оруулж чадахгүй нөхцөл үүсээд байгаа учраас адууны шир хаягдал болж байгаа тухай бизнес эрхлэгчид холбогдох байгууллагуудад асуудлыг тавьсан.
Арьс ширний үйлдвэрүүд жилдээ 30 сая орчим ширхэг хонь ямаа, үхэр, адуу, тэмээний арьс, ширний 4 сая орчим ширхэгийг гүн боловсруулах хүчин чадалтай. Гэвч технологийн доогуур түвшин, мал төхөөрөх үеийн арьс ширний механик гэмтлээс шалтгаалж үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглах боломжгүй байна. Жилд стандартын шаардлага хангасан 30-40 мянган ширхэг адууны ширээр төрөл бүрийн гутал үйлдвэрлэдэг. Үйлдвэрүүд малыг уламжлалт гар аргаар төхөөрөх үеийн исгэлтийн гэмтэлтэй холбоотойгоор адууны ширийг худалдан авахгүй байгаа, мөн механик гэмтэлтэй ширийг үйлдвэрийн аргаар боловсруулах технологи дутагдалтайгаас олон мянган адууны шир “Эмээлт” зах дээр хуримтлагдаж, дотоодын худалдан авалт зогсоод байгаа юм.
Түүхий эдийн “Эмээлт” зах дээр байгаа 600 мянган ширхэг адууны ширний стандартад нийцсэн хэсгийг дотоодын арьс ширний үйлдвэрийн хэрэгцээг хангах хэмжээнд худалдан борлуулах, мөн стандартын шаардлага хангаагүй адууны ширийг дэл сүүлгүйгээр Хөдөө Аж Ахуйн Биржээр дамжуулан бүртгэлжүүлэн арилжих ажлыг зохион байгуулахаар Засгийн газрын 191 дүгээр тогтоол баталсан. Уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хэд хэдэн аж ахуйн нэгж адууны боловсруулаагүй шир экспортлох хүсэлтээ Хөдөө аж ахуйн биржид ирүүлээд байна. Хөдөө аж ахуйн бирж нь боловсруулаагүй адууны ширийг бүртгэлжүүлэх зорилгоор “Их зам транс” ХХК-ийн компанийн агуулахад итгэмжлэл олгож, байнгын гишүүн хөдөө аж ахуйн брокерын компаниудаар зуучлуулан 30 гаруй мянган адууны ширийг Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд оруулаад байна. “Их зам транс“ ХХК-ний агуулахад 170 гаруй мянган адууны шир сүүлийн жилүүдэд хуримтлагдсан байсан. Мөн 40 гаруй мянган адууны ширийг угааж ангилсан. Үүнээс 15 гаруй мянган адууны ширийг экспортлоод байна .
Сэтгэгдэл ( 0 )