ОЛОН ӨНГӨ: Шинэхэн ЖОЛООЧ нарт зөвлөе

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 01

Саяхан нэгэн танил эгч маань “Ёооё, энэ Улаанбаатарт машин барина гэдэг чинь урлаг юмаа” гэж уулга алдав. Харин миний бодлоор Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд урлаг гэсэн энэ сайхан үгтэй зохицох юм юу ч алга. “Анхаарал, болгоомж, сандрал, бачуурал, цөхрөл, уур цухал, үзэн ядалт дунд урагшлахын төлөөх өдөр тутмын дайн үргэлжилж байна” гэж би хэлнэ.

Улаан гэрэл асч байхад л ногоон болгож хараад хаазаа нэмнэ. Зүрх чинь амаараа гарах шахам оволзож, гар чинь салганан хэсэг зуур анхаарлаа төвлөрүүлж чадахаа болино. Энэ тэнэглэлийн нь ард би ч Шумахер шиг байлаа даа ухааны юм бодчихсон нэг тэнэг давхиж яваа.

“Уулзвараас өмнө байрлалаа олох” гэдэг “тоглоом” тоглох дуртай хүмүүс бий. Баруун эргэх ёстойгоо гэнэт л уулзвар дээр санаж, зүүн эгнээгээс зүтгэж өгнө дөө. Зүүн талынх нь баруун тал руу, голынх нь зүүн тийш, түүний баруун талынх нь голын эгнээ рүү гээд л чөлөөтэй урсаж байсан замын хөдөлгөөнийг үгүй хийнэ. Хүн болгон л хаашаа ч юм бэ яарч байдаг болсон өнөө үед түгжрэл шиг хэрэггүй юм хаана байна. Хойно зогссон зарим адгуу нэгнийх тэвчээр таван минут хүрэлгүй барагдана. Эгнээгээ бариад тэвчээртэй, журамтай хүлээж байгаа чи болон чамтай адил жолооч нарыг ажилгүй цаг нөхцөөн зогсож байна гэж боддог бололтой чихэж өгнө.

Өөрийгөө “үл үзэгдэгч” машинтай, бүхнийг чадагч “супер баатар” гээд бодчихсон зарим хэсэг нь сөрөг урсгалын улаан гэрэл ассаныг далимдуулан шууд урсгал сөрөн давхина. Ногоон аснаа, эсрэг урсгалынхан орж ирнэ. Нөгөө “супер баатар”-ын машин нь жирийн, өөрөө ч “супер баатар” биш гэдгээ ойлгонгуутаа чиний нөгөө талаас шахна. Ингээд та хоёр талаасаа хашигдан өрөвдөлтэй Гамбургерын мах болох нь тэр. Замын түгжрэл улам нэмэгдэж, сөрөг урсгал ч таг гацна. Хүмүүсийн бухимдал дээд цэгтээ тулж, сэтгэлээ барих чадвар шалдаа буусан энэ үед гай болж зарим нь шүргэлцвэл “гардан тулаан”-д орохоос аргагүйд хүрнэ гэсэн үг. Муу муухай үгс машины радиог чинь даван чих рүү чинь чихэж, хүсээгүй жүжгээ үзнэ.

Эвдэрхий зам, аль нь асаад байгаа нь мэдэгдэхгүй гэрлэн дохио, “солиорсон” автобусны жолоочид, олддоггүй дулаан гараж гээд ярих зүйл их байгаа ч хамгийн оновчтой гэсэн ЗӨВЛӨГӨӨ бол дүү минь жолооч хөлсөлж чаддаг болсон үедээ л машин аваарай даа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.100.210) 2019 оны 10 сарын 04

Төлөвлөлтгүй ”ГАЗРЫН НАЙМАА”-ны гай энэ шүү дээ

2  |  0
Зочин(202.9.42.219) 2019 оны 10 сарын 01

Монголд шинэ хуучны ялгаа байдаг юм уу шинүүд нь бараг арай дээр барих байхоо

0  |  0
жолооч(202.70.33.164) 2019 оны 10 сарын 01

Уулзвар луу дагаж орж түгжрээ үүсгэхээ больчих хэрэгтэй. Асуудал ердөө энэ.

0  |  0
Top