ОЛОН ӨНГӨ: Бүсгүй үр бүтэн жаргах тавилантай

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 02

Өнөөдөр хүчирхийллийн эсрэг Олон улсын өдөр. 

“Толгой хагаравч малгайндаа, олгой хагаравч тогоондоо” гэж монголчууд ярьдаг. Гэвч хагарсан толгой, хагарсан олгой хаа сайгүй олшрох болж хүний мөс чанар муудаж, оюун санаа хоосорсноос болж зэрлэгшээ юу гэж бодогдох боллоо.

Цэцэг цэврүү шиг насандаа айлд бэр болж, хайрлуулж, жаргана гэж суучихаад эр нөхрийнхөө хахир ааш, хатуу гарынх нь шүүс болж, амь амьдралаараа хохирсон бүсгүйчүүдийн тухай сэтгэл эмзэглэм мэдээ олонтаа гарах болов. Бүсгүй хүн гэдэг бүтэн амьдралаа бүрэн авч үлдэхийн тулд бурууг хаацайлж, бусдыг уучилж явсаар өөрөө эцэст нь өрөөлийн гарт нухлагдан дарагдаж, нухчигдан базагдах ёсгүй. Жилд давхардсан тоогоор 6000 орчим эмэгтэй тэвчишгүй харгислалаас амь зулбан эмнэлэг, шүүх, цагдаад ханддаг гэх тоо баримт бий. Тэдний ихэнх нь дор хаяж 4-5 жил нөхрийнхөө зодуурыг шүд зуун тэссэн эмэгтэйчүүд. Тэдний дунд бяцхан үрс хэчнээн айдас, түгшүүрт автан дагжин чичирч, давхийн цочиж суугаа бол.

Эцэг, эхчүүд ээ хөвгүүдээ зөв хүмүүжүүл. Хайрлаж энэрэх, халамжилж түшихүйн ухааныг өөрөөрөө үлгэрлэж, эмэгтэй хүнийг ээжийн энтэй хүндлэхийн эр жудгийг багаас нь таниул. Хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг. Өнөөдөр та хүүхдээ зодвол маргааш таны хүүхэд танд ч гар хүрч мэднэ. Орчлонгийн хир тоосноос өчүүхнийг ч хүргэхгүй нандигнан өсгөсөн энхрий охиноо тэд хүнд эрэмдэглүүлэх гэж өдий зэрэгтэй болгосон гэж үү.  Охин үртэй хүн бүр л ирээдүйд нь санаа зовж, сэтгэлээ чилээнэм. Энэ буланд багтахааргүй том сэдэв учир “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэдэг ардын мэргэн үгээр өндөрлөе дөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top