Д.Батсайхан: Аймгийн гэр хороололд 9 тэрбум төгрөгөөр дэд бүтцийн ажил хийж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 03

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхантай аймгийн өвөлжилтийн бэлтгэл болон энэ онд хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлын талаар ярилцлаа.


-Танай аймагт өвөлжилтийн бэлтгэл хэр хангагдаж байна вэ?

-Увс аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил ид дундаа өрнөж байна. Энэ жил манай аймагт гурван сая толгой мал өвөлжинө. Улаангом хот болон сум, суурингийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах аймгийн Засаг даргын албан даалгавар гаргаад тус бүртээ бэлтгэл ажлыг хангаад явж байгаа. Увс аймгийн хувьд онцлогтой. Хүйтэн өвөл болдог. Хэд хоногийн өмнө ууландаа анхны цас орчихлоо. Өвлийн дохио эрт өгч байна. Тийм учраас малчид өвөлжилтийнхөө бэлтгэлд онцгой анхаарч байгаа. Увс аймаг өвөл шөнөдөө 50-иас 55 хэм хүйтэрдэг. Дээд тал нь 57 хэм хүрдэг. Өдөртөө 40-өөс 45 хэмийн хүйтэн байдаг тул өвөлжилтийн бэлтгэлээ чамбай бэлдэх шаардлагыг байгаль биднээс шаарддаг.

Улаангом хотын хувьд өвөлжилтөд бэлтгэх захирамж гарсан. Бүх албан байгууллага дулаалгаа хийх, бэлтгэх, түлээ нүүрсээ татах гээд ажлууд хийж байгаа. Төвлөрсөн халаалтын сантехникийн засвар үйлчилгээ хийж дууссан. Есдүгээр сарын 15-наас нэгдсэн халаалтыг өгөөд сантехникийн ажлуудыг шалгасан. Дулааны хоёр станцын өвөлжилтийн бэлтгэлийг хангасан.

-Өвс тэжээл хангалттай хэмжээнд нөөцөлж чадсан уу?

-Малчдын өвөлжилтийн бэлтгэлийг хангах асуудлаар захирамж гарсан. Өвс тэжээлээ базаах асуудлаар сум болгоны удирдлагад албан даалгавар хүргэсэн. Улсын онцгой комисс өмнөх жилүүдэд аймаг бүрт өвс, тэжээл бэлтгэдэг байсан. Тэр ажил энэ жилээс зогссон. “Аймаг өөрсдийнхөө хэрэгцээний өвс тэжээлийг бэлтгэж ав” гэдэг үүргийг Улсын онцгой комисс өгсөн учраас манай аймаг 120 сая төгрөгийн өртөгтэй өвс тэжээл бэлтгэх тендер зарласан. Тендерийг энэ сарын 22-нд нээж өвсөө татаж эхэлнэ. Дээрх бэлтгэсэн өвс, тэжээлийг аймгийн нөөцөд авна. Аж ахуй нэгжүүд хадландаа гарсан. Таван цэгт өвс тэжээлийг бэлтгэхээр багцалсан. Наранбулаг, Өмнөговь, Тэс, Баруунтуруун сумд болон аймгийн төвд өвс тэжээлийг нэгтгэн бэлтгэх цэг ажиллаж байна. Энэ жил Увс аймгийн хувьд зуншлага маш сайхан боллоо. Хадлан тэжээл бол хангалттай сайн гарсан. Хүмүүс хадландаа ид гарсан байна. Манай аймгийн хувьд царгас өвсийг маш ихээр бэлтгэж авах шаардлагатай. Увс аймгийн 50 хэм хүйтнийг царгас өвсний хүчээр давдаг гэж болно. Царгас бол маш өндөр уургийн агууламжтай тэжээлийн ургамал. Энэ тэжээлийн ургамлыг сүүлийн жилүүдэд өргөн хүрээнд тариалж байна. 2500 га-д царгасыг тариалсан. Аймгийн зүгээс царгас тариалах ажлыг ч сайн дэмжиж байгаа.

-Энэ жил бүтээн байгуулалтын ямар томоохон ажлууд өрнөж байна вэ?

-Энэ онд нийтдээ 116 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийж байна. Энэ нь улсын болон орон нутгийн төсөв, бусад төсөл хөтөлбөрөөс бүрдэж байна. Одоогоор хоёр томоохон ажил тендер нь зарлагдаагүй, эзэн нь тодроогүй үлдсэн. Бусад ажил тендер нь зарлагдаад ажил ид дундаа явж байна. Хоёр том ажил гэдэг нь Улаангом коллежийн дотуур байр, Драмын театрын барилгын ажил  эхлээгүй. Драмын театрын барилгын хувьд зураг төсөл нь нарийн хийцтэй, нэлээн ажиллагаа шаардлагатай учраас цаг хугацаа шаардаж байна. Энэ хоёр ажил эхэлснээр Увс аймагт энэ жил хийгдэх хөрөнгө оруулалтын ажил 100 хувь эхэлж байна гэсэн үг.

Улаангом хотод 8.5 км замын ажил бий. Энэ зам нь голдуу гэр хорооллын дунд тавьж байгаа. Замын ажлыг Улаанбаатар хотын хоёр, орон нутгийн нэг компани гүйцэтгэж байна. Мөн Улаангом хотын гэр хорооллын дэд бүтцийн ажил орон нутгийн есөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байна. Дулаан, цэвэр ус, холбооны шугам, кабель тавьж байгаа. Энэ оны арваннэгдүгээр сарын 15 гэхэд дуусгахаар төлөвлөсөн. Анх удаа гэр хороололд дэд бүтэц татаж байгаа учраас бид өндөр ач холбогдол өгч байна.

-Жишээ нь боловсролын салбарт бүтээн байгуулалтын ямар ажил хийж байгаа вэ?

-Нийт хөрөнгө оруулалтын 50-иас дээш хувь нь боловсрол, эрүүл мэндийн салбарт орж байна. Сургуулийн өмнөх насны боловсролын салбарт энэ жил шинээр зургаан цэцэрлэг ашиглалтад орно. Хоёрыг нь шинэ хичээлийн жилийн нээлтээс өмнө ашиглалтад орсон. Одоо дөрвөн цэцэрлэг баригдаж байна. Зургаан цэцэрлэг ашиглалтад орсноор нийтдээ 500 хүүхэд хүмүүжих боломжтой болно. Мөн хоёр шинэ сургууль хүлээлгэж өгсөн. Боловсролын салбарт энэ жил найман шинэ барилга хүлээж авна.

Эрүүл мэндийн салбарын хувьд нийт сум, өрхийн эмнэлгийнхээ түргэн тусламжийн машиныг шинэчилсэн. Гурван эмнэлгийн барилгын өргөтгөл баригдаж байна. Энэ ондоо бүрэн ашиглалтад орно. Зургаан эмнэлгийн засвар хийгдээд дууссан.

-Улаангом хот нь Улаанбаатартай хар замаар холбогдож байна. Энэ нь аймгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлж байгаа байх?

-Манай аймаг улсынхаа нийслэлтэй холбогдсон нь Засгийн газрын хийж буй том ажил юм. Баруун бүсийн хөгжил дэвшилд том дэмжлэг болж байна. Улаанбаатараас гарсан хот хоорондын автобус 24 цаг яваад Улаангомд ирчихэж байгаа. Үүний үр дүнд Улаанбаатараас наашаа ирж байгаа дотоодын аялагчид төдийгүй гадаадын жуулчид Увс аймгийг зорих нь ихэснэ. Дотоодын аялагчид Увс аймгийн унаган байгаль, нуур усыг үзэж сонирхох нь сүүлийн үед ихсэж байна. Энэ хэрээр аялагчдын худалдан авалт нь аймгийн иргэд, худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд шууд орлого болж орж байна. Иймд 2016 оноос хойш дотоодын аялагчдыг татах талаасаа аймгийн удирдлагууд идэвхтэй ажиллаж ирсэн. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jiji(122.201.21.5) 2019 оны 10 сарын 03

Pizda tsarait darga ve

0  |  0
Top