Өвөрмонголын Баяннуур аймагт Монголын экспортын барааны онлайн худалдааны сүлжээг байгуулах "Хил дамнасан цахим худалдаа- E export” төсөл албан ёсоор нээлтээ хийлээ. Уг арга хэмжээнд оролцсон ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засаг хамтын ажиллагааны газрын дэд захирал Т.Батцэцэг “Уул уурхайн экспорт 90-ээд хувийг эзэлж байгаа энэ цаг үед уул уурхайн бус бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд гаргах маш том алхам нь энэ МҮХАҮТ, Баяннуур аймгийн хамтарсан E export төсөл юм. Далайд гарцгүй манай оронд урд хөршийн зах зээл хоёр дахин томоор нээгдэж байна гэсэн үг” гэв.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэхдээ “Бид Хятадын зах зээлд гарна гэж 30 жил ярьсан. Амжилт гаргасан нь ч ашиг олсон нь ч цөөн. Гол асуудал татвар байсан. Хятадад бүтээгдэхүүн зарахын тулд 40 хувийн татвар шууд төлөх босготой. Харин энэ "Хил дамнасан цахим худалдаа- E export” онлайн худалдааны төслийн хүрээнд Баяннуурын гаалиар шууд оруулаад борлуулсны дараа татвар төлнө. Эрсдэлээс хамгаалах маш том боломж” гэлээ.
Тэгвэл "Nomadic Geography” төслийн тэргүүн М.Зоригт “Хятадын зах зээл их сонин. Зарагдахгүй болов уу гэж бодсон бүхэн зарагддаг. Онлайн платформ, цахим худалдааны албан ёсны эхлэл тавьж байгаа МҮХАҮТ-д баяр хүргэмээр байна. Бизнес хийдэг, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хүн бүрийн баярын өдөр тохиож байна” гэж байна.
“Hero entertainment” студийн менежер Бат-Оргил “Бүх юм тэгш заяасан хүн гэж байхгүй. Зарим нь үйлдвэрлэж чаддаг ч борлуулж чаддаггүй, зарим нь борлуулах гэдэг ч тээвэрлэж чаддаггүй. Бид хүчээ нэгтгэж МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ нэрээр зах зээлд хөл тавих цаг болсон. Гадаад сурталчилгаа, брэндинг хийхэд бид бүх талаар оролцоно” гэсэн байна.
Тодотгоход, МҮХАҮТ, ӨМӨЗО-ны Баяннуур хотын төлөөлөгчийн газар хамтран хэрэгжүүлж эхэлж буй "Хил дамнасан цахим худалдаа- E export” төсөл нь Баяннуур хотын цахим худалдааны платформ төвүүдийг түшиглэн Монголын бараа бүтээгдэхүүнүүдийг БНХАУ болон цаашлаад Зүүн Азийн орнуудын зах зээлд гаргана. Тухайбал Хө Тао цахим худалдааны платформ нь 50 мянган м.кв найман үндсэн хэсэгтэйгээр ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )