ОЛОН ӨНГӨ: Аргамжаа

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 16

Унаж яваа үрээ маань ам булаан тэлгүүлнэ. Харин ханилж яваа Балдан өвгөний хашин хонгор бөг бөг шогшихоос үл хэтрэх нь залуу хүү, үрээнхэн морь хоёрт даанч залхуутай агаад зам нийлэшгүй. Өвгөн бид хоёр ийн явсаар сумын баруун хойд энгэрт байх ноёлог хөх толгодын оройд тухаллаа. Зүүн өмнө сумын төв, зүүн хойно чимээгүй хот цайран харагдана. Балдан өвгөн он цагийн үрчлээ суусан хөх нүүрээ мойнийсон гараараа шувтарч ай хөөрхий хүний амьдралаа гэж, анх сумын төв энд байгуулагдаж, муу хөгшинтэйгөө энэ л чимээгүй айл байгаа энгэрт танилцаж билээ. Тэгэхэд энэ шарилын газар чинь онгон дагшин байгаль байлаа.

Сумын төв гэж хэдхэн гэр, хоёр гурван модон байшингаас бүрдэнэ. Гэтэл нэгэн насыг хамт туулсан хань маань анх танилцсан энэ л хөрс шорооноо шингэж дээ. Би гэж үйлт амьтан хэзээ хөгшнийхөө хойноос очиж энэ нэг муу амьтны нурууг амраана даа хэмээн хашин хонгор руугаа заан санаа алдана. Тэгснээ тэр цагаас хойш сум ч тэгтлээ өргөжөөд сүйд болсонгүй, харин энэ чимээгүй айл л өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр л байна. Залуус нь сурахаар яваад ирэхгүй юм. Хэдэн хөгшид нь энгэрээ бараадаад байхаар яаж ч сум орон нутаг өргөжих билээ.

Нийгмийн салхи ч өөрөө хүнийг амьжрахын төлөө явуулдаг болсон цаг хойно, арга байж уу. Нутаг олны ноён нуруу болж байсан хэдэн тулхтай айлууд байлаа, төв суурин бараадаад алга болжээ. Сумын хаяа хумигдаж, чимээгүй хотын хаяа тэлэх ч аргагүй юм уу даа хэмээн өгүүлэхдээ хүнд төрсөн нутаг уснаас өөр эрхэм зүйл сав ертөнцөд үгүй л юм сан. Залуус маань орон нутагтаа ирэхийг хүсдэг л байх даа. Даанч тэднийг аргамжих аргамжаа энд алга байгаа хойно яая гэхэв. Амьдрахын эрх дагаж яваа хүүхдүүдийг нааш ир гээд байлтай биш. Тэднийг аргамжах аргамжаа даанч алга хэмээлээ. Өвгөнийг ийнхүү хэлэхийн зуурт сумын төв тийш харвал үнэхээр л миний багад байсан сумын төв яг хэвээрээ өргөжөөд сүйд болсонгүй. Харин сумын захиргааны оройд төрийн алтан соёмбот туг л сүртэйхэн өмнийн салхинд би л нэмэгдсэн шүү гэх шиг намирч харагдлаа. Цайран харагдах чимээгүй хотын хаяа харин миний багад харснаас хойш нэмэгдэж, чимээгүй айлын дээгүүр буцах шувууд сүүдрээ унаган ганганаж өнгөрөх нь өөрийн эрхгүй буцахын хорвоог санагдуулна.

Үнэхээр л буцаж буй юм бүхэн гунигтай орчлонд ирэхийн үүдийг нээсэн сайхан амьдрал хэрэгтэй байна шүү. Яг л шувууд, цэцэг навч уйлан дуулж ирдэг хавар шиг тийм орчин хэрэгтэй байна. Тэгээд дасгаад явуулдаггүй аргамжаа хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top