“Шинэ хөдөө” төслийн хүрээнд ногоочдод хүлэмж олголоо

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 17

“Шинэ хөдөө-Булган” төслийн хүрээнд хийгдэж буй олон талт ажлын нэг нь өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Булган аймгийн 16 сумын анхан шатны хүнсний ногоо тариалагчдад зөвлөмж зааварчилгааны хамт хүлэмж хүлээлгэн өгөх юм.

Төслийн хүрээнд сумдын болон иргэдийн тавьсан хүсэлтийн дагуу нийт 101 хүлэмж олгох бөгөөд нэг бүрийн үнэ нь 1.178.000 төгрөгийн үнэтэй уг хүлэмжийг аж ахуйн эрхлэгчид жил бүр 290 мянган төгрөгийн эргэн төлөлттэйгээр дөрвөн жилийн хугацаанд төлөх юм. Нийлэг хальсан уг хүлэмж нь 4*8 харьцаатай 32 м.кв, гадуураа нарны хэт халалтаас сэргийлэх хамгаалах тортой,  хавар, зун, намрын улиралд ашиглах боломжтой, мананжуулах усны системтэй иж бүрэн хүлэмж ажээ. Хүлэмж нийлүүлэх ажлыг аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас тендэр зарлан шалгаруулж “Их булаг интернэшнл” ХХК нийлүүлжээ. Өнөөдөр /2019.10.17/ Гурван булаг, Баяннуур, Дашинчилэн сумын төлөөлөл ирж хүлэмжээ хүлээн авлаа.
 

АГРОНОМИЧ Б.ЭНХБАЯР: ХҮЛЭМЖЭЭР ГЭР БҮЛИЙНХЭЭ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХАНГААД
ИЛҮҮГЭЭР НЬ АМЬЖИРГААГАА ДЭЭШЛҮҮЛЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ

 

Хүлэмж гардуулах арга хэмжээний үеэр Аймгийн ХХААГ-ын Ерөнхий агрономич Б.Энхбаяртай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа. 

-Хүлэмжийг ямар сонгон шалгаруулалтаар иргэдэд олгож байгаа вэ?

-Гол зорилго нь хүнсний ногоо тариалагч өрхийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс гурван улиралд үлэмжийн ногоо тариалах нь давуу талтай юм гэж үзэж “Шинэ хөдөө” төслийн хүрээнд 16 сумдад энэхүү хүлэмжийг олгож байгаа.

-Хүлэмж маань хэр чанартай гэж үзэж байна. Авсан иргэд маань 4 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй юм байна. Үр ашгаа хэдий хугацаанд өгнө гэж тооцоолж байгаа вэ?

-Техникийн тодорхойлолт, болзлыг хангасан учраас мэргэжлийн хувьд чанартай гэж дүгнэж байгаа. Аливаа хүлэмжийн чанар нь плёнкон хальсны чанартаа байдаг. Сайн чанарын хүлэмж таван жилээ даадаг гэж үздэг, түүнээс цааш хүлэмж эрхлэгч өөрөө засаж шинэчлээд ашиглах боломжтой. Энэ удаагийн хүлэмжийн давуу тал нь гадуураа нарны хэт халалт, цонолтоос хамгаалах давхар тортой ирсэн. Энэ нь  плёнкны эдэлгээг уртасгах, тэгснээрээ ургацыг нэмэгдүүлэх давуу талтай. Зах зээлийн үнийн хувьд ч гэсэн арай хямд үнийн саналыг бид сонгосон.

-32 м.кв хэмжээтэй хүлэмжид хэр хэмжээний ногоо тариалах боломжтой вэ? 

-Айл өрхийн хашаанд тийм ч их зай эзлээд байхааргүй боломжийн хэмжээтэй гэж үзсэн. Тэгсэн хэрнээ 4-5 гишүүнтэй өрхийн хэрэгцээг шинэ ногоогоор хангаад илүү ургацаа худалдаалж амьжиргаандаа нэмэр болох бүрэн боломжтой. Талбайн ашигтай талбай нь 30 м.кв, 1 м.кв талбайд 5-6 ширхэг ургамал ургадаг. 1 ургамлаас 5-6 кг жимс авдаг гэж тооцдог. Ингээд тооцохоор таван гишүүнтэй өрх хэрэгцээгээ нэг таримлаасаа хангаад үлдсэн таримлынхаа ургацыг борлуулах боломжтой гэсэн үг. Тиймээс энэ тооцооллын үндсэн дээр бид 4 жилийн хугацаанд эргэн төлөлтөө төлөх боломжтой гэж үзсэн.

-Хүлэмжинд ямар төрлийн ногоонууд тарих боломжтой вэ? Хэзээнээс тариалж эхлэх вэ?

-Ногоочид маань янз бүрийн зориулалтаар ашиглахаар авч байна. Зарим нь жимс жимсгэнийхээ суулгацыг үржүүлж зарах, түргэн ургадаг өдөр тутмын хүнсний нарийн ногоонууд тарих зорилгоор, дадлагашаагүй шинэ ногоо тариалагчид маань өргөст хэмх, улаан лооль тарина гэсэн зорилгоор ч авч байна. Өрх бүртэй нэг бүрчлэн бид гэрээ хийж олгож байгаа. Ирэх гуравдугаар сараас үрсэлгээгээ хийж, дөрөвдүгээр сараас тариалалтаа хий гэдэг шаардлага тавиад заавар зөвлөгөөгөө өгөөд эхлүүлнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top