Аймгийн хурц арслан Б.Ууганбаяр түрүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 21

1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр буюу өдгөөгөөс 74 жилийн тэртээ Бүх ард түмний санал асуулгаар Монгол Улс тусгаар тогтнолоо баталгаажуулсан билээ. Түүхэн өдөртэй холбогдуулан МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооноос “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр /2019.10.20/ зохион байгуулав. Хурлыг нээж УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхийлөгч Ж.Мөнхбат хэлсэн үгэндээ “1945 онд болсон тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал асуулгын түүхэн сургамж нь монголчууд цаг ямагт нэгэн үзэл санаан дор, нэгэн зорилгын төлөө эвлэлдэн нэгдэж байхын чухлыг, олны хүч оломгүй далай болохыг, төр ард түмний нягт холбоо хүчирхэг хүч болдгийг бидэнд байнга сануулж ирсэн юм. Тиймээс жил бүр эл өдрийг төр нь ард түмнээ сонсдог, ард түмний нээлттэй сонсголын өдөр болгож хэвшүүлэх нь, төр нь түүхээ хүндэтгэсэн, ирээдүй, хойч үе маань түүхэн үнэнээ тэр хэвээр нь мэдэхэд томоохон түлхэц болох үйл явдал болох юм” хэмээн онцоллоо.

“Тусгаар тогтнолын үнэ цэнэ” эрдэм шинжилгээний бага хурлын үндсэн илтгэлийг төрийн шагналт, түүхч Д.Өлзийбаатар, доктор П.Дэлгэржаргал нар тавьсан бол УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, үг хэлсэн. Тэрбээр “Энэ түүхт өдрийг монгол хүн бүр, та бид, бидний үр хүүхэд, хойч үе ямагт эрхэмлэн дээдэлж, санан тэмдэглэж байх учиртай” гэдгийг тэмдэглээд, хуралд оролцож буй Г.Бумцэндийн зээ охин Долгорсүрэн, Х.Чойбалсангийн зээ охин Ч.Хулан, Ю.Цэдэнбалын төрсөн дүү Ю.Жавзан, нагац дүү Сүрэн нарт талархал илэрхийлсэн байна.

Бүх ард түмний санал асуулгаар тусгаар тогтнолоо баталгаажуулсны түүхт 74 жилийн ойг тохиолдуулан МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооноос жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Мөн улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болсон.

Барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Соронзонболд, өсөх идэр харцага Б.Бат-Өлзий, улсын харцага Б.Одгэрэл, М.Бадарч, О.Хангай нарын улс аймгийн цолтой бөхчүүд хүч сорьсон. Хүчит бөхийн барилдааны шөвгийн дөрөвт улсын харцага Б.Бат-Өлзий, улсын харцага Б.Одгэрэл, аймгийн хурц арслан Б.Ууганбаяр, аймгийн арслан Б.Зоригтбаатар нар үлдсэн.

Монголын ард түмэн улс эх орныхоо бүрэн эрхт тусгаар тогтнолоо бүх ард түмний санал асуулгаар баталгаажуулсны 74 жилийн ойн баярын улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд аймгийн хурц арслан Б.Ууганбаяр түрүүлж, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top