Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы ОНЦЛОХ ҮГС

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 10 сарын 27

Монгол Улс саарал жагсаалтад багтсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг ажлаа өгөхийг шаардсан билээ. Харин Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эдийн засгийн өнөөгийн байдлын талаар илтгэл тавьж,  үг хэлсэн. Түүний хэлсэн үгнээс ОНЦОЛЖ байна. 


-Эдийн засагт сэргэлт үргэлжилж байгааг макро эдийн засгийн олон тоон үзүүлэлт батлан харуулж байна. Инфляци зорилтот түвшний орчимд тогтвортой хадгалагдаж, банкны салбар санхүүгийн зуучлалын үүргээ хэвийн үргэлжлүүлж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд эдийн засагт бий болсон сэргэлтэд чухал хувь нэмэр орууллаа.

-Энэ оны эхний есөн сарын байдлаар банкны салбарын зээл жилийн өмнөх үеэс 10 хувь өсч, эдийн засгийн бодит өсөлт оны эхний хагас жилийн байдлаар 7.3 хувьд хүрч, валютын нөөц 3.9 тэрбум ам.доллар буюу импортын есөн сарын хэрэгцээг хангах түвшинд хүрсэн байна.

-Засгийн газрын өрийн хэмжээ буурч дотоодын нийт бүтээгдэхүүн 60 хувиас бага түвшинд хүрлээ.

-Монголбанк хуулиар ногдсон үндсэн зорилтынхоо хүрээнд үнийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэн хийх ажлууд, тэдгээрийн үндэслэл болон холбогдох тооцоо судалгааг боловсруулан УИХ-д өргөн барьж байна.

-Эдийн засгийн нөхцөл байдал тогтворжиж, 2018-2019 онуудад сэргэсэн нь төсөв болон мөнгөний бодлогууд дээр хийгдсэн оновчтой тохиргоо, банкны салбарт хийгдэж байгаа реформ, гадаад эдийн засгийн орчны харьцангуй таатай байдал, олон улсын санхүүгийн байгууллагууд болон хоёр талт хамтын ажиллагаат улс орнуудын дэмжлэг туслалцааны үр дүн байв. Энэ оны туршид эдийн засгийн өсөлт долоон хувиас дээш түвшинд хадгалагдаж байгаа нь ажлын бодит үр дүн юм. Эдийн засгийн идэвхжилийн үр өгөөж эдийн засгийн салбаруудад тодорхой ажиглагдаж байна.

-Өрхийн бодит орлого 2014-2016 оны хүндрэлийн үед 12 улирлын турш үргэлжлэн агшиж байсан бол сүүлийн 10 улирал дараалан өссөлттэй байлаа. Энэ нь хэрэглээний өсөлтөөр дамжин эдийн засгийн идэвхжилийг дэмжиж, иргэдийн амьжиргаа дээшиллээ.

-Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд дотоодын хуримтлал дутагдалтай ч санхүүгийн салбарын бизнесийн зээл болон гадаадын шууд хөрөнгө оруулалтын тогтвортой урсгалаар нөхөж байна. Санхүүгийн зуучлал хэвийн үргэлжилж, зээлийн хүү тогтвортой буурч сүүлийн таван жилийн доод түвшинд хүрсэн нь иргэд болон аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн нөхцөл илүү таатай болоход хувь нэмэр орууллаа. Энэ оны эхний найман сарын байдлаар банкны салбараас олгосон бизнесийн зээл 10.9 их наяд төгрөг буюу өнгөрсөн оны мөн үеэс 1.4 их наяд төгрөгөөр нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалтын орох урсгал 1.3 тэрбум ам.доллар байна.

-Гадаад худалдаа нэмэгдэж, экспорт түүхэн дээд түвшинд хүрсний зэрэгцээ эдийн засгийн идэвхжилтэй уялдан импортын хэмжээ мөн тэллээ. Өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд ихээр нэмэгдсэн хөрөнгө оруулалтын чанартай импорт нь компани, аж ахуйн нэгжүүдийн технологи, тоног төхөөрөмжийн шинэчлэлтэй холбоотой тул үйлдвэрлэлийн потенциалийг тэлж, эдийн засагт бүтээмжийг дээшлүүлснээр ирээдүйн өсөлтийн суурь болно. Харин хэрэглээний импортын хувьд өрхийн орлогын өсөлтөөс гадна хэрэглээний зээл хэт хурдтай өсч байсантай зарим талаар холбоотой байв.

-Бизнесийн зээл, жижиг дунд бизнесийн зээлийн хэмжээ нэмэгдсэн нь энэ оны санхүүгийн зуучлалын онцлог байлаа. Монголбанк санхүүгийн салбарт эрсдэл хуримтлуулахгүй байх, өрхийн өрийн дарамтыг хэт нэмэгдүүлэхгүй байх, банкны зээлийн нийлүүлэлтийг илүү үр ашигтай хөрөнгө оруулалт руу чиглүүлэх зорилгоор макро зохистой бодлогын арга хэмжээг 2019 онд авч хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхлээд байна. Энэ оны наймдугаар сарын байдлаар хэрэглээний зээлийн жилийн өсөлт 14.7 хувь болж өнгөрсөн оны эцэст 50 хувь давж байсан хэт хурдтай өсөлт тогтворжлоо. Түүнчлэн бизнесийн болон жижиг дунд бизнесийн зориулалттай зээл жилийн өмнөх түвшнээс харгалзан 14.4 хувь болон 51хувиар өсөөд байна.

-Эдийн засгийг үйлдвэрлэл талаас авч үзвэл уул уурхайн болон уул уурхайн бус аль аль салбарт жигд өсөлт ажиглагдаж, 2020 онд ч өсөлт үргэлжлэх төлөвтэй байна.

-2020 онд хэрэгжүүлэх бодлогод санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, финтекийн зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг ажлууд тусгагдсанаараа онцлог болж байна. Түүнчлэн олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг банкуудыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх арга хэмжээний эхлэл тавигдах болно. Энэ нь банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, зохистой засаглалын зарчим, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох шинэчлэлийн эхний алхам юм.

-Дотоод, гадаад орчны тодорхой бус байдал цаашид үргэлжлэх төлөвтэй байна. Гагцхүү түүнд бэлтгэлтэй байх, зардал багатай даван туулах бодлогын орон зайг хадгалж, эрсдэл хуримтлуулахгүйгээр шаардлагатай бодлогын тохиргоонуудыг цаг алдалгүй хийх нь чухал байна. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг олон улсын байгууллагууд бууруулж, түүхий эдийн үнэ буурах хандлага ажиглагдаж байгаа нь гадаад орчны эрсдэл өндөр байгаагийн илэрхийлэл юм. Том гүрнүүдийн хоорондох худалдааны маргаантай холбоотой тодорхой бус байдал, глобал зах зээл дээрх савлагаанууд үргэлжилсээр байна.

-Монгол улс 2020-2024 онд хувийн болон улсын сектор нийлээд 14 тэрбум ам.долларын гадаад өрийг эргэн төлөх хуваарьтай. Иймд эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, инфляцийг зорилтот түвшинд байлгах, санхүүгийн зуучлалыг гүнзгийрүүлэх, гадаад валютын албан нөөцийн хүрэлцээтэй байдлыг нэмэгдүүлэх, өрийн тогтвортой байдлыг үргэлжлүүлэн баталгаажуулах, төсвийн зарлагын нийгэм, эдийн засгийн үр нөлөөг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах зэрэг чиглэлд хэрэгжиж буй бодлого, реформыг тууштай үргэлжлүүлэх нь чухал байна. Түүнчлэн банк, санхүүгийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, өрхүүд гээд эдийн засгийн бүх агентууд санхүүгийн эрсдэл даах чадвараа нэмэгдүүлэх нь тогтвортой байдлын суурь болно.

-Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд гадаад өрийн тогтвортой байдлыг бүрдүүлэх, мөнгө угаах, терроризмтай тэмцэх тогтолцоогоо сайжруулах, зээлжих зэрэглэлээ дээшлүүлж валютын нөөцийн хүрээлцээт байдлыг нэмэгдүүлэх, банкны салбарын эрсдэл даах чадвар, засаглалыг сайжруулах, санхүүгийн дэд бүтцийг бэхжүүлэх, банк, санхүүгийн салбарын хууль эрх зүйн шинэчлэлд чиглэсэн арга хэмжээнүүдийг тодорхой тусгалаа.

-2016 оны харилцан үнэлгээгээр Монгол улсад мөнгө угаах, терроризмтай тэмцэх тогтолцоонд ФАТФ-аас өгсөн 40 зөвлөмжийн тал нь хангалтгүй, шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтийн бүгдэд нь хангалтгүй биелэлттэй, "хар жагсаалт"-д орох хэмжээний үнэлгээ авах эрсдэлтэй байв. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд санхүүгийн болон хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд ФАТФ-ын 15 техник үзүүлэлт, үр дүнтэй байдлын долоон үзүүлэлтийг сайжруулаад байна.

-Үлдсэн үзүүлэлтүүдийг аль болох богино хугацаанд сайжруулж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ) тогтолцооны дутагдлаа засч залруулах, улмаар эдийн засагт үүсч болзошгүй аливаа эрсдэлийг хамгийн бага байлгахад Монголбанкнаас илүүтэй бүх байгууллагуудын хамтын ажиллагаа, олон улсын байгууллагуудтай хийх хамтын ажиллагаа нэн чухал юм. Ялангуяа энэ төрлийн хэргийг хуулийн дагуу шийдвэрлэхгүйгээр саарал жагсаалтаас гарах арга зам хомс билээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zailaa (103.212.119.98) 2019 оны 10 сарын 27

capitaliig dampuurulj odoo hurtel olon huniig zovooj bgaa. yun sain ajilakh

0  |  0
БУРУУ(182.160.39.219) 2019 оны 10 сарын 27

БАЯРТСАЙХАН САЙН АЖИЛЛАСАН.ХУУЛЬ ШҮҮХИЙНХЭН МУУ АЖИЛЛАА.

0  |  1
нэр(202.9.42.216) 2019 оны 10 сарын 27

Мэдлэггүй их зантай энэ хүнийг зайлуулаач

2  |  0
Top