Тугаа бөхийлгөсөн НАМЫН ДАРГА НАР

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 03

-Ялагдсан намын даргыг харахаар дайны талбарт хамаг цэргээ хядуулчихаад амь зулбан зугтаж яваа командлагчийн дүр тодорно-

Аливаа намын даргын сүр хүч ялалтад оршдог хэмээн нэгэн намын Ерөнхий нарийн бичгийн дарга хэлж байсан удаатай. Ямар дайнд ялалт байгуулсан дивиз командлагч биш дээ хэмээн хөх инээд сүүмэлзүүлж суусан өдөр бий. Тэгвэл орчин цагт энэ үг үнэний ортой дог шүү. Сонгуулийн тоосонд тугаа бөхийлгөж үлдсэн намын дарга, индэр дээрээс инээд асган ялалтынхаа мэдээг танилцуулж байгаа намын дарга хоёрын дунд тэнгэр газар шиг орон зай байдаг аж. Ялагдал хүлээсэн намын дарга карьераа ч үгүй хийж мэдэх эрсдэлтэй. Ялсан намын даргын дээр хөх тэнгэр л цэнхэртэх ийм цаг үед амьдарч байгаагаа ухаарахаас өөр арга алга. 

Ялагдал хүлээх эхний ардчилсан дүрэм бол намын даргын суудлаа өгөөд хэн ч биш болох. Чамгүй сүйхээтэй нэг нь өөрийнхөө эрэмбийг бүдгэрүүлж үлдэнэ үү гэхээс баргийн нөхрийн сураг тасарна. Тэгэхээр намын ялагдал гэдэг тун амаргүй. Дайны талбарт хамаг цэргээ хядуулчихаад амь зулбан зугтаж яваа командлагчийн дүр л тодорно. Бүх цэргээ галын шугам дээр хядуулчихаад эргэн ирсэн жанжин юу болох нь тодорхой учраас цааш дурдаад яахав. Харин ялалт мандуулсан эхний ардчилсан дүрэм бол шууд Гүйцэтгэх засаглалын тэргүүний суудалд заларч “Юмны эзэн, сумны занги” болно. Асар том хүндэтгэл, зулгуйдал дунд тэнцвэрээ олох л ухаан хэрэгтэй, өөр юу ч хэрэггүй. Сонгуульд буюу дайнд баатарлагаар тулалдсан нөхдөд тохирох шан харамж тараахаас бүх зүйл эхэлнэ. Төрийн сайдаас эхлээд агентлаг, газар, хэлтсийн дарга гээд хишиг хүртээх ч бас л зүүдэнд оромгүй хүндтэй ажил. Дайны цагт морин жолооч, хамгаалагч хийсэн нөхөд хүртэл шан харамжаа хүртэнэ. Манай улс төрийн нэн шинэ түүхэнд сайдын хамгаалагч нь яамны Төрийн нарийн бичгийн дарга, жолооч нь хэлтсийн дарга болсон түүх бүлээнээр байж л байна. Дайны олзыг хуваах ёсон эртнээсээ улбаатай хойно. Ийм л том зүйлс ялалтын туг мандуулсан даргыг хүлээж байгаа. Зөвхөн Монгол Улсын хэмжээнд ч бус олон улсад ч төсөл хөтөлбөр гээд том хүндлэл хүлээж байдаг.

 

МАН-ААС Н.ЭНХБАЯР, Ө.ЭНХТҮВШИН ХОЁР НАМАА ЯЛАГДУУЛЖ БАЙВ

Өнөөдөр Монголын улс төрийн хоёр жигүүр болж, төрийн эрхийг ээлжлэхдээ ээлжилж, хамтрахдаа хамтран барьж ирсэн МАН, АН хоёрын дарга нараас хэн нь намаа ялагдалд хүргэж байв гэдэг нь хэний ч сонирхлыг татна. Улс төрийн ууган хүчний хүчин ардчилсан засгийн үед хамгийн олон удаа төр барьсан бол АН хоёрхон удаа ялалт байгуулжээ. Ардчилсан сонгууль долоон удаа өгөхөд МАН хоёр удаа ялагдсан. 1996 онд ялагдахад өдгөөгийн МАХН-ын дарга Н.Энхбаяр даргаар ажиллаж байв. Тухайн үеийн дүрэм ёсоор Н.Энхбаяр намын даргын суудлаа Н.Багабандид шилжүүлсэн ч эргээд дөрөвхөн сарын дараа авч чадсан ховорхон түүхтэй нөхөр.

Олон давтагдахгүй түүхийг өдгөө ганцхан Н.Энхбаяр эзэмшиж байна. Тодотгож хэлбэл, намаа ялагдуулчихаад эргээд намын дарга болж байсан түүх энэ ардчилсан нийгэмд байхгүй. Түүнээс бус жирийн үед намын даргаар хоёр удаа сонгогдон ажиллаж байсан нөхөд бол бий. Хадуурахад, Н.Энхбаяр салбарын сайдаас Ерөнхий сайд, УИХ-ын даргаас Ерөнхийлөгч гээд төрийн бүхий л өндөр дээд албанд морилсон бас л нэг давтагдашгүй түүхийн эзэн.

Харин Н.Энхбаяр ийнхүү хоёр дахь удаагаа намын дарга болж, айсуй 2000 оны сонгуульд ялах төлөвлөгөөг гарган, хар голдуу тактик боловсруулсан гэдэг. Н.Энхбаярын хутгасан хороор 1996-2000 онд АН-ын дөрвөн ч Засгийн газар унаж байсан. Үүний цаана ирэх 2000 оны сонгуулийн ажиллагаа байсан нь ойлгомжтой. Тэр тусмаа орон нутгийн намын үүрүүдийг чамгүй хөдөлгөөнд оруулсан байна. Тиймдээ ч 2000 оны сонгуулиар 72 суудал авч үнэмлэхүйн дээд ялалт байгуулсан гавьяаг түүнд зүүхээс өөр аргагүй. Олонх байсан АН ганцхан суудал авч байв.

Тэгвэл МАН хоёр дахь удаа-гаа буюу 2012 онд ялагдахад С.Батболд даргаар ажиллаж байлаа. С.Батболдын хувьд дүрэм ёсоор ажлаа өгч МАН-ын Их хурлаар Ө.Энхтүвшин дарга болж, хэдийгээр хур хөрөнгөтэй ч ялагдсан нам ямархан байсан нь ойлгомжтой. Дээр дурдсанчлан сүр хүч нь ч хаачих билээ. Ийм л цаг үед, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд орж, тус намаас нэрээ дэвшүүлсэн Б.Бат-Эрдэнэ унасан юм. Ө.Энхтүвшин даргын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт гаргаагүй учраас МАН Их хурлаа товлон хуралдуулж, улмаар М.Энхболд хоёр дахь удаагаа МАН-ын даргаар сонгогдов.

Энэ үед МАН-ын нөхцөл байдал сайнгүй байв. Дотоодын далд үймээн  чамгүй өрнөж, хөрөнгө мөнгө тааруу гээд олон зүйлийг дурдаж болно. Хамгийн наад зах нь өдгөөгийн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Шинэчлэлийн хороо” нэрээр шахалт үзүүлэхээс эхлээд олон зүйл болов. Улс орны эдийн засаг тэр чигтээ уруудаж, өдрөөс өдөрт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч валютын ханш ч чангарч байсан. Энэ нь сөрөг хүчинд ашигтай байсан ч эсрэгээрээ ард түмний амьдралд халтай байв. Ард иргэд ч эрх барьж буй АН-д итгэх итгэл алдарч явсаар 2016 оны сонгуультай золгоход сонгогчдын санал  нэгэнтээ МАН-руу эргэсэн учраас  65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулав.  

Ардчилсан түүхэнд долоон удаа сонгууль өгөхөд Н.Энхбаяр 72, М.Энхболд 65 суудал авсан рекорд тогтоосныг одоо эвдэхэд тун хэцүү. Ийм боломж ч үгүй ирээдүй харагдаж байна. АН хоёрхон удаа ялахдаа тийм ч үнэмлэхүй байж чадаагүй. Өнгөрөгч 2012 онд гэхэд Засгийн газраа дангаараа эмхлэн байгуулах хэмжээний суудал ч аваагүй, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран засгаа байгуулж байсан юм. 

 

Р.АМАРЖАРГАЛ, З.ЭНХБОЛД НАР НАМАА НАВС ЯЛАГДУУЛСАН НАМТАРТАЙ

Ардчилсан намын түүх өөрөө адармаатай, олон намын системтэй явж ирсэн. Өдгөө нэгдсэн гэх боловч тухайн үеийн олон намын угшилтнууд харгалдах үзэгдэл байсаар байна. Энэ үед голлон /Монголын социал демоктрат нам/, “Соцдек” талаас Р.Гончигдорж Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж,нар, /Монголын үндэс-ний ардчилсан нам/, “Мүдняк” талаас М.Энхсайхан, Р.Амаржаргал нар тэргүүлэн ажиллаж байсан үе юм. Энэ үед буюу 1996 онд “Соцдек”-ээс Ц.Элбэгдорж Ардчилсан холбоо эвслийг удирдан, ялалт байгуулж байсан удаатай. Харин 2000 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Р.Амаржаргал удирдан сонгуульд орж навс ялагдал хүлээсэн байдаг. Ийнхүү таван нам нэгдэн Ардчилсан нам болж Д.Дорлигжав даргаар нь сонгогдсон цагаас намын зохион байгуулалт, эв нэгдлийг ханган ажиллаж 2004 оны сонгуульд ороход намууд ижил тэнцүү санал авч “Их эвслийн” хэмээх Засгийн газрыг байгуулсан юм. Хэдийгээр М.Энхсайхан энэ удаагийн сонгуульд удирдаж байсан ч Д.Дорлигжав навс ялагдсан намыг босгоход хамгийн том гавьяа байгуулсан хүн хэмээн ардчилагчид онцолдог билээ.

Ийнхүү 2008 оны сонгуульд Ц.Элбэгдорж даргатай нам ялагдал хүлээж, улмаар ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй намын дарга талбай дээр олныг уриалсан нь хэвлэлийн архивт бий.  Үүний дараа МАН-аас хамтарсан Засгийн газар байгуулж, салж нийлсэн, 2012 онд АН ялимгүй ялалт байгуулж, улмаар Ерөнхий сайд намын дарга Н.Алтанхуягаа унагааж, З.Энхболд намын дарга болж гээд улс төрийн амьдрал өрнөсөөр 2016 онтой золгов. Тухайн сонгуульд АН З.Энхболд даргатай сонгуульд орж 2000 оны навс ялагдлаа давтах хэмжээнд очсон. Өдгөө ч УИХ-д бүлэггүй сууж байгаа нь том ялагдал биз ээ.

Ийнхүү Монгол Улсын ардчилсан сонгуулийн түүхэнд Н.Энхбаяр, М.Энхболд гэх хоёр дарга намаа ахин давтагдахгүй үнэмлэхүй ялалтад хүргэсэн бол Р.Амаржаргал, З.Энхболд гэх дарга нар намаа ахин давтагдамгүй навс ялагдуулсан түүхэн хүмүүсээр тодорч байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард(122.201.24.1) 2019 оны 11 сарын 03

Ц.Элбэгдорж Соцдек-ийнх биш Ардчилсан холбооных шүү дээ

0  |  0
(202.179.27.165) 2019 оны 11 сарын 03

ALUURCHIND UHSENIIH NI NAM ZAM ENEE TEREE ,ZINDAA MUU HUJAA ALII SHUU

0  |  0
Zov bich(202.126.88.157) 2019 оны 11 сарын 03

1996 ond. M.Enhsaihan, 2004 ond mon M.Enhsaihan udirdaj 1996 ond unemlehui yaluulj, 2004 ond olonhitoi barag tenzsen bilee

1  |  0
Top