МоАХ-ноос Оюутолгойн асуудлаар ҮАБЗ-д мэдэгдэл хүргүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 06

МоАХ-ны УЗ-өөс өнөөдөр /2019.11.06/ Оюутолгойн гэрээ, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, чөлөөт бүсийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. МоАХ-ныхон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн гишүүдэд хандан Оюутолгойн гэрээтэй холбогдуулан мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд чөлөөт бүстэй холбоотойгоор шаардах бичиг, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор сонордуулах бичиг гаргаснаа танилцуулсан юм.

Оюутолгойн гэрээтэй холбоотой мэдэгдэлд “Стандарт бус Засгийн газрын тэргүүн С.Баяр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар толгойлон үндэсний эрх ашгийг хөсөрдүүлж Оюутолгой төсөл дахь Монгол Улсын оролцоог хангаж чадаагүйн улмаас нийт төслийн хэмжээнд бус “Оюутолгой” ХХК-ийн  34 хувийг эзэмших гэрээ байгуулснаар Монгол Улс луйвардуулсан. Монголчууд, Монголын парламент, Засгийн газар Оюутолгойн гэрээний үр дагаврыг олон жил шүүн хэлэлцэж байгаа ч засах талаар бодит ахиц гарсангүй. Эцэстээ “Рио Тинто” төр, түмэнтэй нь басамжлан тохуурхаж байна. Тиймээс “Айванхоу”, “Рио Тинто”-д хамаарал бүхий этгээдийн төлөх ёстой татварыг Монголын тал төлөх зэрэг ноцтой заалтуудыг нэн тэргүүнд өөрчлөх ёстой. “Рио Тинто” уулын нөхцөл хүндэрсэн гэх шалтгаанаар хугацаа хойшлуулж буй “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд “Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Хувь нийлүүлэгчдийн гэрээ”-г байгуулахад оролцоогүй “Туркойз Хилл ресурс”, “Ти Эйч Ар”, “Оюутолгой” зэрэг этгээдүүд шургалсан учир хүчин төгөлдөр мөрдөх хууль, эрх зүйн баримт гэж үзэх үндэслэлгүй. Оюутолгойд хамаарах гэрээнүүд бүхэлдээ Монголын ард түмний ирээдүйг залилан дааж давшгүй өрөнд оруулсан гэж үзэх үндэстэй тул УИХ холбогдох ажлын хэсгийнхээ дүгнэлтийг яаралтай хэлэлцэж түүхэн шийдвэр гаргах нь улс, үндэсний язгуур эрх ашигт нийцнэ” гэсэн байв.

Оюутолгойн гэрээний талаар Баянзүрх дүүргийн МоАХ-ны гишүүн Л.Сансар “Оюутолгой компанийн 66 хувийг эзэмшдэг Туркойз Хилл Ресурс компанийн хувьцааны ханш өнгөрсөн оны нэгдүгээр сард буюу УИХ-ын Оюутолгойг шалгах ажлын хэсэг гаргахын өмнөх үеэс өнөөг хүртэл 8 дахин буурсан байна. Гэтэл энэ хугацаанд тухайн компанийн үндсэн бүтээгдэхүүн болох зэсийн үнэ 16 хувь байна. Өөрөөр хэлбэл, мал махны үнэ унаагүй байхад нэг нөхөр малаа найм дахин бага үнээр зарах гээд байна. Ноцтой асуудал байгаа биз. Хөрөнгийн зах зээл дээр цонх болгон нүдтэй, хана болгон чихтэй гэсэн хатуу хууль үйлчилдэг. Гэтэл энэ хатуу хууль “Туркойс Хилл Ресурс” компаниас зөрж, нүүрээ бууруулчихаад байна. Энэ гэрээ байгуулагдаад 10 жил болсон байхад Засгийн газар юу хийсэн юм бэ. Ажлын хэсэг байгуулагдаад шалгалаа л гэдэг. 10 жил энэ гэрээтэй ноцолдсон мөртлөө оношилж чадахгүй байна” хэмээн ярьсан юм.

Харин Баянгол дүүргийн МоАХ-ны гишүүн С.Арслан энэ талаар ярихдаа “Миний хувьд 2008-2018 оны хооронд есөн төрлийн экспортод гаргадаг эрдэс бүтээгдэхүүн дээр судалгаа хийсэн. Энэ хугацаанд 81.4 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байдаг. Үүнээс улсын төсөвт орсон нь 12.6 их наяд. Цаана нь үлдсэн мөнгө нь хаачсан нь мэдэгддэггүй. Хэний халаасанд орсон нь мэдэгдэхгүй байна. Энэ их мөнгө хулгайч нарын халаасанд орсон байх” гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
никулин(202.179.31.73) 2019 оны 11 сарын 06

энд суугаа Хайсанай гэдэг хүн баян-өлгийд хүн амин хэрэг хийгээд явсан алуурин шүү\n

0  |  1
Top