Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлнэ

2019 оны 11 сарын 07

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д болно.

Хэлэлцүүлэгт ХЗДХЯ, ГХЯ, Гадаадын иргэн, харьяатын газрын холбогдох албан тушаалтнууд болон Монгол Улсад суугаа ЭСЯ, Дипломат төлөөлөгчийн газар, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцох юм байна.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг 2010 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Их Хурал баталсан бөгөөд 2012, 2013, 2015, 2016, 2017, 2018, 2019 онуудад нийт 11 удаа нэмэлт өөрчлөлт орж байсан аж.

Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын визийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох, улсын хилийн боомт дээр виз олгох, цахим виз олгох, визийн төвийг ажиллуулах, визийн хүчинтэй хугацааг уртасгах, зарим зориулалтын визийг халах зэрэг Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлийн зохицуулалтууд тусгагдсан байна.

Энэхүү хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, холбоотой санал хүсэлтээ илэрхийлэхийг хүсвэл Хууль зүйн үндэсний хүрээлэнд болох олон нийтийн хэлэлцүүлэгт оролцох боломж нээлттэй аж. Хуулийн төслийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: ГИХГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top