Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцүүллээ

2019 оны 11 сарын 11

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д боллоо.

Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад Харилцааны Яам, Гадаадын иргэн, харьяатын газар, бусад төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцсон юм.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг 2010 онд баталсан бөгөөд нийт 11 удаа нэмэлт өөрчлөлт орж байжээ. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын визийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох, гадаадын иргэдийн бүртгэл хяналтыг сайжруулахад чиглэсэн зохицуулалтууд тусгагдсан байна.

Хэлэлцүүлгийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн үзэл, баримтлал, төслийн танилцуулга”, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Виз олгох эрх зүйн зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх нь”, Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга Д.Түвшинтөр “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Сүүлийн үед дэлхийн улс орнууд цахим виз олголтод анхаарлаа хандуулж байгаагийн зэрэгцээ виз мэдүүлгийн төвөөр дамжуулан визийн материалыг хүлээж авах тогтолцоонд шилжиж байгаа бөгөөд гадаадын иргэдийн виз мэдүүлсэн материалыг хүлээж авах, бүрдлийг хянах, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах зэрэг техникийн шинжтэй ажиллагааг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх болсон байна.

Тиймээс олон улсын жишигт нийцүүлж, цахим виз, визийн төвийн тухай зохицуулалтыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд нэмж тусгажээ. Энэ нь гадаад улс оронд Монгол орныг сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг ойртуулах, хууль бус дундын зуучлалыг бууруулах, дипломат төлөөлөгчийн газруудын ачааллыг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой хэмээн Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг тодотгож байв. Мөн тус хуульд виз олгож буй байгууллагууд хяналтын нэгдсэн системтэй болгох асуудлыг тусгажээ.

Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга Д.Түвшинтөр: “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй хэд хэдэн асуудал байна. Тухайлбал, гадаадын иргэдэд тавих бүртгэл, хяналтын тухай асуудал байна. Үүний тулд гадаадын иргэдийн хилээр орж ирэхэд нь биеийн давхцахгүй өгөгдлөөр бүртгэх, бүртгэлийн дугаар олгох, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх зэрэг асуудлууд байна. Мөн гадаадын иргэнийг орон байр, сууцаар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 48 цагийн дотор Гадаадын иргэн, харьяатын газарт бүртгүүлдэг байх зохицуулалтыг хуулиар бий болгох зайлшгүй шаардлага байна” гэв.

Хэлэлцүүлэгт оролцсон оролцогчдын санал, хүсэлтийг сонсч, тайлбар мэдээлэл өгсөн ба зарим саналыг хуулийн төсөлд холбогдох байгууллагын саналыг авсны үндсэн дээр хуулийн төслийг тусгаж ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх юм байна.

Эх сурвалж: ГИХГ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top