Дэлхийн хошой аварга, олимпын мөнгөн медальт Евгения Медведева энэ сарын 19-нд 20 нас хүрлээ. Уран гулгалтын тамирчны хувьд “ахмад” тамирчин гэсэн үг. Одоо уран гулгалтад 14-15 настай охид түрэн гарч байгаа ч Женя бууж өгөх бодолгүй байна. Тэр бэлтгэлээ хийж, тэмцээнд оролцсоор байхыг хүсдэг. Учир нь уран гулгалт бол түүний хайр, амьдрал нь юм.
Саяхан болж өнгөрсөн Москвагийн Гран При тэмцээнд тэрбээр мөнгөн медаль хүртсэн. Удаан хугацаанд амжилт гаргаагүй түүнийг өрсөлдөгчдийн тооноос шинжээчид хүртэл хасаж байсан ч Женя ажилласаар л байлаа. ОХУ-ын ТАСС агентлаг түүнтэй Москвагийн Гран При тэмцээний дараа ярилцжээ.
-Женя, та 20 насны төрсөн өдрөө яаж тэмдэглэх гэж байна вэ?
-Найзуудтайгаа ресторанд хоол идэж, кино үзэх санаа төрсөн ч больсон. Гэрэл зурагчид гарч ирээд төрсөн өдөр биш зураг авалт болоод хувирна гэж айсан. Ингээд буудалд нэг өрөө хөлсөлж аваад найз охидтойгоо хөгжим сонсож, пицца идээд, ярьж суусан нь дээр юм байна гэж шийдсэн. Би амттай хоолонд их дуртай.
-Пиццатай сонгодог үдэш гэсэн үг үү?
-Тийм ээ. Би бяслагтай пиццанд дуртай. Гэхдээ ганц хазахад л хагас өдрийн калорийн хэмжээ болчихдог.
-Төрсөн өдрөө тэмдэглээд Канад явах уу?
-Тийм ээ, 20-ны өдөр Канад явна.
-Москвагийн Гран При тэмцээний үеэр “Канадад хэр удаан ажиллах төлөвлөгөөтэй байна вэ” гэж асуухад та “Хөл, гар хөдөлж байгаа цагт тэнд байна” гэж хариулсан.
-Би өөрийн байх ёстой газрыг олсон гэж боддог. Хүнд хэцүү зүйл байдаг ч Торонто бол миний зодог тайлтлаа байх газар.
-Зодог тайлсны дараа?
-Надад маш олон бодол, зам бий. А төлөвлөгөө, бүтэхгүй бол Б төлөвлөгөө гээд л. Би ирээдүйнхээ талаар их боддог. Би зодог тайлаад юу хийхээ тодорхой мэдэж байгаа, гэхдээ хэлэхгүй.
-Та “Уран гулгалт бол миний ажил” гэж хэлсэн. Урьд нь ингэж ярьдаггүй байсан санагдах юм.
-Үнэхээр миний ажил. Одоо би Канадад амьдарч байна. Миний шагналын мөнгөний хэмжээг Олон улсын холбооны цахим хуудас дээрээс харж болно. Би шагналын мөнгөө байр хоол, танхимын түрээс, дасгалжуулагч нарын цалинд зарцуулдаг. Бүх юм тодорхой. Тэгэхээр уран гулгалт бол миний ажил болж байгаа юм. Надаас “Чи энэ их мөнгө авч байж яагаад "Луи Виттон", "Шанель" өмсдөггүй юм бэ” гэж асуудаг. Гэхдээ миний үндсэн хувцас бэлтгэлийн хувцас хэвээр байгаа. Би яг өөртөө хэрэгтэй зүйлд л мөнгө зарцуулдаг.
-Амьдралдаа яасан ч хийхгүй зүйлээ хэлээч гэж хүсэхэд таны өгсөн хариулт намайг их гайхуулж байсан. “Хэзээ ч гоёл чимэг, будаггүйгээр гадагш гарахгүй” гэж байсан. Одоо ингээд харахад гоёл чимэглэл нь байгаа ч будалт бага болсон харагдаж байна.
-Хиймэл сормуус хийж, будаж гоодоод гулгадаг байсан. Мэдээж одоо ч будаж шунхдалгүй гадагш гардаггүй. Гэхдээ би төрөлх царайгаа илүү тодотгохыг хүсдэг болсон. Одоогийн Женя надад илүү таалагдаж байгаа. Бага зэрэг л гоо сайхны бараа хэрэглэдэг болсон.
-Мэдээж япон, солонгос бараа байх даа.
-Үгүй дээ. Япон, Өмнөд Солонгосын бараа миний арьсанд тохирдоггүй. Тийм болохоор европ гоо сайхны зүйлс хэрэглэдэг.
-Тансаг сайхан хувцас авахыг хүсдэггүй юу?
-Торонтод "Йоркдейл" гэдэг худалдааны төв бий. Тэнд очихоор сайхан даашинз зөндөө байдаг. Гэвч толгойд “Энэ даашинзыг өмсөөд хаана очих гэж? Надад гэр, бэлтгэлийн танхим гэсэн хоёрхон л очих газар бий шүү дээ” гэсэн бодол төрдөг. Тэгэхээр харж, нүдээ хужирлаад л гардаг даа.
-Канадад амьдрал үнэтэй юу?
-Үгүй яах вэ, гомдоллохгүй болж л байна.
-Хэрэв Пёнчаны олимпын дараа Канад явах шийдвэр гаргаагүй бол та одоо юу хийж байх байсан бол?
-Төсөөлөхөд ч хэцүү байна. Тэр үед нэг бол зодог тайлах, үгүй бол Канад явах гэсэн хоёр л зам надад байсан. Канадыг нь сонгосон.
-Женя, танай ээж Пёнчанд ярилцлага өгөхдөө “Манай охин гэмтэлтэй гулгаад мөнгөн медаль хүртлээ” гэж хэлж байсан. Тэр үеийг эргэн санадаг уу?
-Байнга бодогддог, хэзээ ч мартахгүй байх. Гэмтэхээс эмээдэг айдас ч арилахгүй байх. Гэхдээ одоо би эрүүл саруул байна.
-Пёнчаны мөнгөн медалиа үздэг үү?
-Мэдээж Москвад ирэх болгондоо үзнэ. Энэ медалийн ачаар л би маш сайхан хүмүүстэй танилцсан. Хэрэв хувь заяа өөрөөр эргэсэн бол тэдэнтэй тааралдахгүй ч байж мэдэх байсан.
-Хүмүүс олимп дахь таны ялагдлыг эмгэнэл гэж ярьж бичсэн нь эсрэгээр таны амьдралыг сайн талд нь өөрчилсөн гэж үзэж болох уу?
-Би ч эхлээд эмгэнэл гэж бодож байсан ч таны харж байгаачлан зүгээр байгаа биз дээ.
-Брайантай хамтран ажиллаад хагас жил өнгөрлөө. Тэр тантай гэрээ байгуулж байхдаа хагас жилийн дараа л эхний амжилт ирнэ гэж байсан. Үнэхээр тэглээ.
-Яагаад хагас жил гэж хэлснийг би тайлбарлаж чадахгүй. Үнэхээр түүний хэлснээр болсон. Брайан, Трейси нарт би их баярлаж явдаг. Тэд надад итгэсээр, гараас минь хөтлөн, урагш явсаар байна. Намайг гулгаж байхад Брайан сэтгэл нь догдолж байгаа нь надад мэдрэгддэг.
-Танаас дөрөв, гурван эргэлттэй үсрэлтийн талаар олон хүн асууж байсан байх. Гэхдээ би дахиад асуумаар байна.
-Би энэ дасгалууд дээр ажиллаж байгаа.
-Москвагийн Гран При тэмцээний дараа Алексей Урманов “Женя Медведевагийн түүх бол хаалгүй, нэг амьсгаагаар уншаад дуусдаг ном юм” гэж хэлсэн.
-Энэ үг надад их таалагдсан. Би ч гэсэн номоо хаамааргүй байна. Хөл, гар хөдөлж байгаа цагтаа гулгаад л баймаар байна.
Евгения Медведевагийн амьдралын дүрмээс
“Багадаа би хулиган байсан. Эрхэлж, хашхирч, дураараа аашилдаг байлаа. Гэхдээ “боль” гэхэд тэр дор нь больдог байсан”
“Миний хүүхэд нас 12-тойд дууссан. Тамирчин хүн эрт том болдог. Итгэж байсан хүн чинь таныг хуурахад хүүхэд нас дуусдаг юм”
“Надад сургуулийн анд найз гэж байхгүй. Би үргэлж бэлтгэл, тэмцээн дээр байдаг тул багш нар над дээр ирж, шалгалт авдаг байсан. Би сайн сурдаг байсан. Тэнэг хүн хэзээ ч спортоор амжилт гаргаж чадахгүй”
“Би хөгжимд дуртай. Гулгахаасаа өмнө чихэвч зүүгээд хэдэн цаг хөгжим сонсоно. К-Поп хөгжимд дуртай, EXO хамтлагийг шүтэн биширдэг”
“Ээж минь уран гулгалтын тамирчин байсан хүн. Ээж хааяа зөвлөгөө өгдөг. Зөвлөгөөг нь дагах эсэхээ дасгалжуулагч бид хоёр ярилцаад шийддэг”
“Шүүмжлэл, муулах хоёр өөр зүйл. Муулан гутаасан зүйлийг би тоодоггүй. Харин шүүмжлэлийг хүлээн авдаг”
“Сайхан амрахад надад чив чимээгүй орчин л хэрэгтэй. Хэвтээд гар утсаа оролдоно”
“Миний шүтээн бол Одри Хепберн. Түүний дүр төрх, үг яриа, биеэ авч яваа байдал их таалагддаг. “Тиффани дахь өглөөний зоог” киног нь үзэх дуртай”
“Эрч хүчтэй байх гол зүйл минь нойр. Хоол хүнс бол хоёрдугаар зэргийн асуудал. Би хэдэн цагт унтах, сэрэхээ хянадаг болохоос хоолны дэглэм барьдаггүй”
Блиц асуулт
• Таныг өөртөө итгэлтэй болгодог нэг зүйл гэвэл?
• Хар нүдний будаг.
• Өндөр өсгийт үү, намхан гутал уу?
• Пүүз.
• Одоо хаана очихыг хүсэж байна вэ?
• Бүх юмнаас хол газар. Жишээ нь, Ирланд.
• Бэлтгэл сургууль, тэмцээний алийг нь сонгох вэ?
• Тэмцээн.
• Медалиа хаана хадгалдаг вэ?
• Хананд өлгөөтэй байдаг.
• Болзоо, тэмцээний алиных нь өмнө сандарч догдолдог вэ?
• Болзооны өмнө. Тэмцээний өмнө би огт сандардаггүй.
• Чиний өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
• Өглөө 08.30 цагт босно. Цайгаа уугаад 10 цагаас спортын танхимд очно. Дараа нь бүтэн өдөр мөсөн дээр өнжинө. Долоо хоногийн зургаа нь ийм хуваарьтай. Нэг өдөр амардаг.
• Хэрэв чи уран гулгалтын тамирчин биш байсан бол?
• Өнгөрсөн олимпоор би керлинг гэдэг спортод дуртай болсон.
• 30-40 насандаа хэнтэй адилхан байхыг хүсч байна?
• Анжелина Жоли шиг эмэгтэй байхыг хүсдэг.
• Гоо сайхны хагалгааны эрх бэлэглэвэл ямар хагалгааг сонгох вэ?
• Хамар.
• Ямар хувцастай бэлтгэл хийдэг вэ?
• Хар. Яагаад гэвэл мөс цагаан шүү дээ.
Сэтгэгдэл ( 0 )