Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд үйлдвэрийн болон уламжлалт аргаар мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд хийгдсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр /2019.11.22/ мэдээлэл хийлээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөө аж ахуйн Хяналтын хэлтсийн дарга Д.Батжаргал “МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн хүрээнд улсын хэмжээнд үйлдвэрийн болон уламжлалт аргаар мал төхөөрөх 96 үйлдвэр цех, мах махан бүтээгдэхүүний 144 аж ахуйн нэгж буюу нийт 240 объектыг хамруулан хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар давхардсан тоогоор нийт 499 зөрчил илэрсэн.
МАЛ ТӨХӨӨРӨХ ҮЙЛДВЭР БОЛОН МАХ МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОВСРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР
18 аймгийн 23 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт үйлдвэрийн аргаар мал төхөөрөх үйл ажиллагаа явуулж байгаа 67 үйлдвэрийн хүчин чадлыг авч үзвэл жилд 9 сая бог, 1.9 сая бод, нийт 11 сая мал төхөөрөх боломжтой байна.
Мал төхөөрөх үйлдвэрүүдийн барилга байгууламжийн 40-50 хувь нь 20-30 жилийн өмнө мал төхөөрөх үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байсан байгууламжийг засварлаж, тоног төхөөрөмж суурилуулан ажиллаж байгаа бол сүүлийн жилүүдэд байгуулагдсан үйлдвэрүүдийн ихэнх нь сэндвичин барилга байгууламжид үйл ажиллагаа явуулж байна. Шалгалтаар давхардсан тоогоор нийт 499 зөрчил илрүүлэн, 306 буюу 61 хувийг арилгуулах арга хэмжээ авсан. Илэрсэн зөрчлийн дийлэнх буюу 67-89 хувийг бэлтгэн нийлүүлэх гэрээгүй, машин халдваргүйтгэх ваннгүй, мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгүй, лабораторигүй, мал эмнэлгийн бүртгэл хөтлөлт хангалтгүй, зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, дотоод хяналтгүй зэрэг зөрчлүүд эзэлж байна.
Аж ахуйн нэгжүүдийн 59 хувь нь үйлдвэр цехдээ ариутгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэдэггүй, зориулалтын тээврийн хэрэгсэлтэй ч хөргөлтийн бүртгэл журнал хөтөлж хэвшээгүй, 52 хувь нь тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийдэггүй байна. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч 73 аж ахуй нэгж буюу 48 хувь үйлдвэрийн барилга байгууламжийг мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу бариагүй, өргөтгөж шинэчлээгүй, аймаг орон нутгийн жижиг дунд үйлдвэрүүд өөрсдөө аж ахуйн аргаар барьж байгуулсан нь технологийн үйл ажиллагаа дамжин бохирдох нөхцөлийг бүрдүүлжээ.
Шалгагдсан үйлдвэр, цехүүдээс 13 аж ахуй нэгж, тухайлбал БГД-ийн “Номт монгол”, ЧД-ийн “Цэнгэг айс”, Баян-Өлгий аймгийн Айбарлы арыстан, Достых, Дорнод аймгийн “Энх” хиамын, Говь-Алтайн “Баярт-Олон” зэрэг 11.6% нь мах, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнийг тус тусдаа хадгалах агуулахгүй, технологийн урсгал зөрчигдсөн, зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, БГД-ийн “Жэй Экс Си Эс”, “Хэлти фүүдс”, Булган аймгийн “Баяндөш хайрхан” зэрэг 16 аж ахуй нэгж буюу 10.5% нь махны үйлдвэрлэлд хүнсний зориулалтын бус зэврэлттэй, тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл хэрэглэж байв.
Шалгагдсан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн (бууз, банш, хиам, ангилсан мах г.м) 65 буюу 43 хувь нь үйлдвэрээс гарах хаягдал түүхий эд, яс, дайврыг дахин боловсруулдаггүй, хаана нийлүүлдэг нь тодорхойгүй, бүртгэл тэмдэглэлгүй, гэрээгүй зэрэг зөрчил илэрсэн.
Хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэр цехүүдийн 36 буюу 23.8% нь бүтээгдэхүүний шошгод цувралын дугаар, гаж нөлөө, Е тэмдэглэгээ, хориглох заалт зэрэг хаяг шошгын мэдээллийг бүрэн тусгаагүй нь Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын шошгод тавих шаардлага MNS 6648:2016 стандарт, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.4, 12.5 дахь заалтыг зөрчсөн байна.
ЭКСПОРТЛОХ ЭРХ БҮХИЙ МАЛ ТӨХӨӨРӨХ, МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР
Монгол улсад БНХАУ болон ОХУ-д мал төхөөрөн гаргах, мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй 49 үйлдвэр байгаагаас БНХАУ-руу мал төхөөрөн гаргах эрх бүхий 11, адуу, үхэр хонь ямааны мах экспортлох эрхтэй 17, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортлох 19 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Хоёр үйлдвэр экспорт хийхгүй байна.
Мал төхөөрөх 30 үйлдвэрийн байршил, хоногт төхөөрөх малын тоо, бэлтгэх мах, дайвар бүтээгдэхүүн, хөргөлтийн хүчин чадлыг шалгалтын дүнгээр тогтоолоо.
Улсын хэмжээнд 11 аймгийн 14 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт мал төхөөрөх, мах экспортлох 30 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж жилд 4.128.000 бог, 90.2880 бод, нийт 5.030.800 мал төхөөрөх хүчин чадалтай.
Шалгалтаар давхардсан тоогоор нийт 499 зөрчил илрүүлэн 306 буюу 61 хувийг мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагааг түр зогсох, хугацаатай албан шаардлага хүргүүлэх, гүйцэтгэлийн шалгалт хийх, торгууль хүлээлгэх зэрэг арга хэмжээ авч ажиллав. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар 244 аж ахуй нэгжийн 290 удирдах ажилтан, 849 технологийн ажилчинд мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажилласан байна. 74 аж ахуйн нэгж, иргэнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар улсын /ахлах/ байцаагчийн 503 заалт бүхий хамтарсан албан шаардлага өгсөн албан шаардлагын биелэлт 47.9 хувьтай байна.
Мал төхөөрөх үйлдвэрүүд улирлын чанартай ажилладгаас зөвхөн экспортын зориулалтаар гаргах махыг мал төхөөрөх үйлдвэрт бэлтгэдэг, хүн амын дотоодын хэрэгцээнд нийлүүлэгдэж байгаа мах, түүхий эд, бүтээгдэхүүн нь дулааны улиралд нийслэл, аймгуудын дэргэдэх уламжлалт аргаар мал төхөөрөх цехүүдэд, хүйтний улиралд хээрийн нядалгаа буюу малчны хотонд эрүүл ахуйн стандартын шаардлага хангахгүй орчинд төхөөрч, зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэн нийлүүлэгдэж байгаа нь хүн амын хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдэл үүссэн байна.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас олгож байгаа махны квотын хэмжээг махны үйлдвэргүй аж ахуй нэгжид өгөх эсвэл мах экспортлох эрх бүхий аж ахуйн нэгжийн үйлдвэрийн хүчин чадалд тохируулан олгоогүйгээс үүдэж экспортлох эрхгүй аж ахуйн нэгжүүдээр махаа бэлтгүүлэх, урьдчилан махаа чанаж их хэмжээгээр боловсруулж, нөөцлөх зэрэг сөрөг үр дагаврууд нь улс хооронд мах экспортлохоор байгуулсан гэрээ, хэлэлцээр, протоколд тусгагдсан заалтууд зөрчигдөх, махны экспорт зогсох улмаар Нийслэлийн хүн амын хүнсэнд нийлүүлэгдэх махны хэмжээ буурч, махны хомсдол, үнийн хөөргөдөл үүсэх эрсдэлд хүрч байна.
Сэтгэгдэл ( 0 )