"Агаарт хүхрийн хэмжээ их гарсан нь автомашины утаанаас үүдэлтэй"

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 25

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар болон түүхий нүүрсний хэрэглээнд тавьж буй хяналт шалгалтын талаар өнөөдөр /2019.11.25/ мэдээлэл хийлээ.

Түүхий нүүрсний хэрэглээнд хяналт шалгалт, тандалтыг  нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, дүүрэг хороодын 865 албан хаагч төвийн зургаан дүүргүүдэд хийж, тонн түүхий нүүрс илрүүлж торгуулийн арга хэмжээ авсан талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн мэдээллээ. Мөн иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу холбогдох албаныхан газар дээр нь очиж ажиллаж байгаа талаар хэлэв.

Өнгөрсөн шөнийн байдлаар угаарын хийнд 35 өрхийн 86 иргэн хорджээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон 35 өрхийн 86 иргэн дуудлага өгч, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Иргэд сайжруулсан түлшийг хэрэглээндээ нэвтрүүлж дадсан ч пийшин зуухны битүүмж муу, яндангаа хөөлөөгүй, хавхалгаа хаах зэрэг аюулгүй байдлаа хангаагүйн улмаас угаартах үзэгдэл их байна. Тиймээс иргэд аюулгүй байдлаа хангаж пийшин зуухны битүүмжлэлийг шалгаж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна” гэв.

Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр “Агаарын чанартай холбоотой мэдээллийн хувьд PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 55 хувиар буурсан.  PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ 38 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Мөн агаарт хүхрийн хэмжээ их гарсан ч автомашины утаанаас үүдэлтэй гэдгийг тогтоосон” гэв.

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт түүхий нүүрстэй холбоотой дуудлага нэмэгдэж, автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан хэрэг олширч байгаа гэнэ.

Өнгөрсөн шөнийн байдлаар Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороонд 200 шуудай түүхий нүүрс хэрэглэж байсныг хураан авч торгуулийн арга хэмжээ ноогдуулжээ. Мөн Сүхбаатар дүүрэгт сайжруулсан түлшийг түүхий нүүрстэй хольж хэрэглэж байсныг илрүүлж холбогдох албаныханд шилжүүлсэн байна. 

Нийслэлд түүхий нүүрс тээвэрлэсэн болон хэрэглэсэн тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4.1.3-т зааснаар иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурван сая хүртэлх төгрөгөөр торгоно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top