Дорноговь аймагт “Бидний үе” уулзалт, зөвлөгөөн боллоо. Тус зөвлөгөөнөөр аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үе үеийн дарга, нарийн бичгийн дарга нар ирж, залуу үеийнхэндээ түүх дурсамжаа ярьж, туршлагаасаа хуваалцсан юм.
Монгол Улсын шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдсанаар ардчиллын бодит баталгааны нэг болох нутгийн өөрөө удирдах байгууллагын цоо шинэ тогтолцоо бий болсон билээ. Энэхүү иргэдийн дуу хоолойг сонсох байгууллага бий болоод өдгөө 27 жил болжээ. Тиймээс Дорноговь аймгийн ИТХ-ийн дарга санаачлан үе үеийн ИТХ-ийн дарга, Нарийн бичгийн дарга нарын туршлагаас суралцах, залуу үеийнхэндээ сонсгох, 1992 оноос өнөөг хүртэл туулсан түүх намтрын тухай дурсамжит ном бичихийн тулд “Бидний үе” уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус уулзалтаар Дорноговь аймгийн 14 сумын 112 дарга нар цугласан юм.
Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С. Түмэнбаяр “Нутгийн өөрөө удирдах ёсыг үе үеэд нь авч явсан энэ хүмүүсийг нэг дор уулзуулъя нэгдүгээрт 27 жил болсон байна. Ахмадуудаас минь ийм хүсэлт гарсан учраас энэ уулзалтыг зохион байгуулж байна. Хоёрдугаарт энэ хүмүүсээс туршлагын сонсъё, түүхийн сонсъё гэдэг зүйлийг авч үзэж байгаа юм. Яагаад гэвэл 1992 оноос хойш тухайн үеийн дарга нар ном гаргаж байсан ч дахиад түүхийн тухай ном гаргах ёстой юм байна. Энэ номд эдгээр хүмүүсийн түүх, дурсамж, зураг оруулж түүх болгон үлдээе гэсэн ийм зорилготой” гэв.
Сайншанд сумын хоёрдугаар багийн иргэдийн нийтийн хурлын дарга Ц. Бадиа “Аймгийн ИТХ-аас аймгийн ИТХ-ын түүхтэй холбогдсон ном бичиж өгөөч гэсэн санал ирсэн. Тиймээс энэ номыг бичихээр ажиллаж байна. Урьд нь би 2006 онд ном бичиж байсан. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын тулгамдсан асуудал” гэсэн нэртэй ном бичсэн. Тэр үед нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын асуудлын талаар ойлголт муутай байсан болохоор онол талын илүү түлхүү бичсэн ном гарсан. Тэрхүү ном одоо сумдын хурлын дарга, нарийн бичгийн дарга нарын гарын авлага болон ашиглаж байгаа. Бидний болон одоо миний бичих гэж байгаа ном бол түүх талаас нь нэлээн архив ухаж энэ хурлын байгууллага 27 жил ямаршуу түүхэн замналыг туулж өнгөрүүлж ирсэн бэ гэдэг түүх бичих зорилготой” гэлээ.
Энэхүү уулзалт өмнө болж байгаагүй учраас олон жилийн дараа зовлон жаргалаа туулж байсан үе үеийн дарга нартай уулзаж байгаад ахмад ажилчид баяртай байлаа.
Дорноговь аймгийн ИТХ-ын дарга асан Д.Чулуунбаатар “Аймгийн ИТХ-аас “Бидний үе” дурсамж уулзалтыг зохион байгуулж байгаа явдалд баяртай байна. Үе үеийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар тэр үед яаж ажиллаж байсан тухайгаа ярьж одоо ажиллаж байгаа залуу үеийнхэнд сургамж авах, санаа өгөх ийм зүйлүүдийг ярьж байгаа өгөөжтэй сайхан уулзалт болж байна гэж бодож байна” гэсэн юм.
Хатанбулаг сумын ИТХ-ын дарга асан Ж.Төмөрхуяг “Нутгийн өөрөө удирдах ёсны 20 гаруй бараг 30 жилийн түүхийн үеийг туулсан олон арван ахмад үеийнхэн, залуучууд цугларсанд миний бие их сэтгэл өндөр байна. Нутгийн удирдах ёс гэдэг бол тухайн сумын үндсэн иргэд , суугуул иргэдийн оюуны хүч чадлыг дайчилж орон нутгаа хөгжүүлэхэд бие сэтгэлийнхээ оюуны нөөцөөр хөгжлийн ойрын болон хэтийн төлөвлөлтийг зөв хийснээр сум хөгжих ёстой зүйл юм” гэв.
Уулзалтын үеэр Дорноговь аймгийн ИТХ-ийн дарга Түмэнбаяр 2016-2019 оны хооронд хийсэн бүтээн байгуулалтуудаа танилцуулж аймгийн хөгжилт, цэцэглэлт, цаашлаад юу хийхээ ч танилцуулсан юм. Мөн уулзалтын үеэр үе үеийн дарга, нарийн бичгийн дарга нараас хамгийн хамгийн шалгарууллаа. Тодруулбал хамгийн удаан ИТХ-ийн дарга, нарийн бичгээр ажилласан, хамгийн олон удаа иргэдийн саналаар сонгогдсон гээд олон номинациар ахмадуудаа шагналаа.
Сэтгэгдэл ( 0 )