АНУ-д газрын тосны үйлдвэрт хүчтэй дэлбэрэлтүүд болжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 28

АНУ-ын Техас мужид дахь “TPC Group” компанийн газрын тос, химийн үйлдвэрт хүчтэй дэлбэрэлтүүд болжээ. Эхний дэлбэрэлт орон нутгийн цагаар 01.00 цагт болсон бөгөөд үйлдвэрээс хэдэн км зайд байрладаг орон сууцнуудын цонх хагарчээ. Орон нутгийн эрх баригчид үйлдвэрээс хоёр орчим км зайд амьдардаг оршин суугчдад нүүлгэн шилжүүлэх зөвлөмж өгсөн бол хоёр дахь хүчтэй дэлбэрэлтийн дараа тус үйлдвэрээс 6 км зайд амьдардаг бүх оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлэх үүрэг өгсөн байна. Нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд таван суурин газар хамрагдах бөгөөд нийт 60 мянган хүн амьдардаг байна.

Компанийн зүгээс дэлбэрэлт үйлдвэрийн төхөөрөмжид доголдол гарсантай холбоотой гэж мэдээлжээ.

Одоогийн байдлаар тус үйлдвэрт гал ассан хэвээр байна. Гал сөнөөгчид галыг тогтоох, ойролцоох агуулахад дамжихаас сэргийлэхэд бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Дэлбэрэлт болох үеэр үйлдвэр дээр нийт 80 орчим хүн ажиллаж байсан бөгөөд бүгд амьд гэнэ. Гурван ажилтан түлэгдэж, бэртсэн байна.

Галд бутадиен гэх химийн бодис шатаж байгаа бөгөөд энэ хүний эрүүл мэндэд хортой хэмээн мэргэжилтнүүд анхааруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top