МҮОХ-ны ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг сонгох хурлыг товлолоо

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 28

Монгол Үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Бүх гишүүдийн ээлжит бус хурал өнөөдөр /2019.11.28/ "Чингис" зочид буудалд боллоо.

Хурлаар МҮОХ-ны 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэхийн зэрэгцээ МҮОХ-ны ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг сонгох Бүх гишүүдийн ээлжит хурлыг товлолоо.

Хурлын шийдвэрийн дагуу 2020 оны гуравдугаар сарын 6-нд МҮОХ-ны Бүх гишүүдийн ээлжит хурлыг зохион байгуулахаар болов. Энэ нь МҮОХ-ны Ээлжит бус чуулган биш бөгөөд зөвхөн ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг сонгох тул Ээлжит бус чуулган зарлах бус Бүх гишүүдийн хурлаар хэлэлцэх ёстой гэж үзсэн байна.

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн энэ оны аравдугаар сард эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, Гүйцэтгэх зөвлөл түүний хүсэлтийг хүлээн авсан билээ. Өнгөрсөн хугацаанд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийн дагуу МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлыг Дэд ерөнхийлөгч Б.Баттүшигт түр хариуцаж ажиллаж байгаа юм.

Ирэх оны гуравдугаар сард болох Бүх гишүүдийн хурлаас өмнө хугацаа товлож, МҮОХ-ны ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэх ба үүнд хяналт тавих Хараат бус комиссыг удахгүй байгуулах аж.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top