“Соёлын биет бус өв ба дээд боловсрол: Монгол Улсын их, дээд сургуулиудын чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны зөвлөл ТББ, Соёлын өвийн үндэсний төв, ЮНЕСКО-гийн итгэмжит байгууллага болох БНХАУ-д төвтэй Соёлын биет бус өвийн олон улсын сургалтын төв (CRIHAP) хамтран 2019 оны 11 дүгээр сарын 28-наас 30-ны өдрүүдэд Монгол Улсын их, дээд сургуулийн багш нарт зориулан Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Энэхүү сургалтын гол зорилго нь их, дээд сургуулийн хөтөлбөрөөр дамжуулан Соёлын биет бус өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны Конвенцийн талаархи их, дээд сургуулийн багш нарын мэдлэг, ойлголт, чадавхыг нэмэгдүүлэх, СББӨ-г хамгаалах, Конвенцийг хэрэгжүүлэхэд тэдний үүрэг, оролцоог тодорхойлох байв.
Сургалтыг ЮНЕСКО-гийн итгэмжит сургагч багш, мэргэжилтнүүд болох Сюзанн Ог, А.Саруул нар “Монгол улс дахь Соёлын биет бус өв”, “СББӨ ба боловсрол: Монгол Улсын байр суурь: өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлага, тулгарч байгаа сорил, санаа”, “Конвенцийн суурь зарчим, үзэл баримтлал”, “Боловсрол болон олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх”, “Хамт олны оролцоо, ёс зүйн дүрэм, хамрах хүрээ болон урьдчилсан мэдэж ойлгосны үндсэн дээр чөлөөтэй өгөх зөвшөөрөл”, “СББӨ ба тогтвортой хөгжил”, “Хадгалалт, хамгаалалт ба алхам бүрийн хөтөч”, “Бүртгэл ба боловсрол”, “СББӨ-ийн хадгалалт, хамгаалалт ба боловсрол” зэрэг сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгох, дадлага ажиллуулах байдлаар зохион байгуулав.
Сургалтад МУИС, МУБИС, ШУТИС, СУИС, Монгол Улсын Консерватор, Монгол Улсын Эрдмийн Их Сургууль, Отгонтэнгэр, Идэр, Ховд, СУИС-ийн Завхан аймаг дахь Хөгжим Бүжгийн Коллеж, Монголын Үндэсний Их Сургууль, Соёл эрдэм зэрэг их, дээд сургуульд бакалавр, магистр, докторын түвшинд соёлын биет бус өв, соёлын өв, угсаатан зүй, антропологи, соёл судлал, түүх, сэтгүүл зүй, аялал жуулчлалын чиглэлээр хичээл заадаг 35 багш хамрагдав.
Сургалтын явцад оролцогчид ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны Конвенци, түүний хэрэгжилтийн талаархи онолын мэдлэг ойлголтыг, өөрийн орны болон олон улсын жишээ, туршлагуудтай хослуулан суралцснаас гадна, соёлын биет бус өвийг өөрсдийн сургуульд хэрхэн зааж, сургалтын хөтөлбөрт оруулсан талаархи туршлагыг хуваалцаж, багийн ажлын явцад соёлын биет бус өвийн хадгалалт, хамгаалалтын төлөвлөгөөг боловсруулж, цаашид их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт соёлын биет бус өвийн хадгалалт, хамгаалалтыг хэрхэн тусгах, багш нарын үүрэг оролцоог хэрхэн хангах талаар зөвлөмж боловсруулж холбогдох яаманд хүргүүлэхээр болов.
Эх сурвалж: Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны зөвлөл
Сэтгэгдэл ( 0 )