Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчдийн ээлжит XXIX хуралдаан өнөөдөр үргэлжлүүлэн хуралдаж байна. Хуралдаанаар “Нийслэлийн 2019 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, нийслэлийн ИТХ-ын 2019 оны 26/23 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай”, “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, “Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, “Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.
Хуралдааны эхэнд орон нутгийн төсвийн тайланг хэлэлцэхтэй холбогдуулан нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга С.Энхбаатар санал, дүгнэлтээ танилцуулав. Нийслэл дэх Төрийн аудитын газраас нийслэлийн төсвийн орлогыг гүйцэт төвлөрүүлэхийн тулд автомашин эзэмшигчийн торгуулийн орлогыг хуримтлуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Үүнээс гадна зарим аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын санхүүжилтийг хасах саналтай байна гэв.
Дараагаар нь нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэж буй асуудлыг дэмжсэн санал, дүгнэлтийг бүлгийн дэд дарга Ц.Байгалмаа танилцууллаа. Харин нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгээс Төв цэнгэлдэх хүрээлэнг хувьчлалаас хасах гэр хорооллын дахин төлөвлөлтийн болон Ахмадын орон сууцны хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэх зэрэг таван саналыг гаргаад, авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаа дуулгалаа. Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаан хороодын санал, дүгнэлтээр үргэлжилж байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )