Хангай нуруунаас эх аван урсах эртний түүхт Орхон голын хөндийд өвлийн аялал жуулчлалын нэгэн сонирхолтой арга хэмжээ болдог.
Газар газрын мөсөнд авирагчид багаж зэвсгээ үүрэн, Орхон голын Улаан Цутгалангийн хүрхрээг зорин очиж, хоёр өдрийн туршид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлддөг юм: Энэ тэмцээнийг аялал жуулчлалын "Монголиа экспедишн энд Турс" ХХК, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр нарын санаачлагаар 2012 оноос эхлэн зохион байгуулсан бөгөөд "Ice Challenge Mongolia" нэрээр нь өвлийн спорт сонирхогч сайн мэднэ.
Энэ жилийн хувьд тэмцээн цар хүрээгээ тэлж, "Karakorum Ice Festival" нэртэйгээр 2019 оны арванхоёрдугаар сарын 7-8-нд Улаан Цутгалангийн хүрхрээнд болох бөгөөд тэмцээний ялагч сая төгрөг, цомын эзэн болно.
Мөсөнд авиралтын спорт дэлхий нийтээр залуучуудын шинэ үеийн тренд болон хөгжиж байна. Энэ тэмцээн нь Монгол Улсад өвлийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бөгөөд аялал жуулчлалын улирлыг уртасгах томоохон арга хэмжээнүүдийн нэг билээ.
Улаан цутгалангийн хүрхрээний мөсөнд очиж авирдаг гадаад, дотоодын жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. 2022 оны Бээжингийн олимпод мөсөнд авиралт багтах хамгийн өндөр боломжтой спортын төрөл болоод байна. 2012 оноос эхлэн монголчууд мөсөнд авиралтыг эх орондоо хөгжүүлж, тамирчидаа бэлтгэн тив, дэлхийн аваргын тэмцээнүүдэд оруулж эхэлсэн бөгөөд Монголын тамирчид Азийн аваргаас мөнгө, хүрэл медалиудыг эх орондоо авчраад байгаа билээ.
Орхоны Улаан цутгалангийн хүрхрээг зорин очих замдаа та Монгол Элс буюу Элсэн тасархай, Хархорины Эрдэнэзуугийн хийд, Хужирт тосгон, Төвхөн хийд, Үүртийн тохой гээд олон сонирхолтой газруудыг үзэж сонирхох боломжтойгоос гадна монгол гэрт хоноглож, малчин айлд зочилж, аж амьдралтай нь танилцан, тэмээ, морь, сарлаг унаж үзэх боломжтой.
Энэ арга хэмжээг БОАЖЯ, Өвөрхангай аймгийн ЗДТГ, "Монголиа Экспедишнс" ХХК, Монголын Уулчдын үндэсний холбоо хамтран зохион байгуулж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Selengiin hurhree