Дэлхийн хамгийн ХАЧИРХАЛТАЙ ШАШНЫ УРСГАЛУУД

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 04

 

САЙЕНТОЛОГИ

АНУ-ын зохиолч Рона Хаббардын 1950-иад онд үүсгэсэн шашин бөгөөд дэлхий даяар хангалттай олон /10 сая орчим/ дагагчидтай болж чаджээ. Дагагчдынх нь дотор жүжигчин Том Круз зэрэг алдартнууд байдаг аж.
Р.Хаббард “Сайентологи бол шашин-гүн ухааны сургааль” гэж тодорхойлоод, дианетик эмчилгээний аргаар сүнсээ төгс төгөлдөр болгохыг дагагчдадаа уриалж, сайентологийн сүмээс зохион байгуулах олон шатлалт сургалт – эмчилгээнд хамрагдахыг санал болгодог байжээ. Сайентологийн хамгийн анхны сүм 1955 онд Вашингтон хотод нээгдэж улмаар Дани, Канад, Шинэ Зеланд, Франц, Өмнөд Африк зэрэг орнуудад өргөн тархаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Гэвч сайентологийн үзэл номлол, үйл ажиллагааны зохион байгуулалт нь яваандаа ашгийн байгууллагын шинжтэй болж ирсэн тул Герман, Бельги, Франц, Ирланд, Их Британи болон Мексик, Израил зэрэг улсад үйл ажиллагааг нь хязгаарлах болжээ.

 

АЧАА БУЮУ КАРГО ШҮТЛЭГ

Карго шүтлэг нь өнгөрсөн зууны эхээр Меланези арлын улсуудын уугуул иргэдийн дунд дэлгэрсэн шашин юм. Дэлхийн хоёрдугаар дайны үед Японтой тулалдаж байсан холбоотны цэргүүд Меланезийн арлыг бааз болгон ашиглаж байж. Ингэж байхдаа нутгийн уугуул аборигенчуудын үйлчилгээг авч, оронд нь хэрэгцээт зүйлсийг өгдөг байж. Онгоцноос баглаж боосон элдэв хэрэгцээт зүйлсийг хаяхыг олонтаа ажиглан харсан аборигенчууд үүнийг бурхны бэлэг гэж тооцжээ. Тиймээс дайн дуусч, онгоц нисэж юм өгөхөө больсныг “Бурхны хилэгнэл” гэж ойлгон дахин хишгээ хайрлахыг гуйн мөргөх болсон байна. Тэд бурхдыг аргадах үүднээс гар дорх зүйлсээр онгоцны хэлбэр дүрс бүтээж, түүнийгээ шүтээн болгожээ. Энэ шүтлэг одоо ч хүчтэй оршсон хэвээрээ аж.

ХАНХҮҮ ФИЛИППИЙН ХӨДӨЛГӨӨН

Далайн арал улсын уугуул иргэдийн дунд байдаг бас нэг хайрхалтай шүтлэг нь ханхүү Филиппийн хөдөлгөөн юм. Энэ шүтлэг цаг хугацааны хувьд карго шүтлэгтэй нэгэн цаг үед үүсчээ. Энэ шүтлэгийг дагагсад Их Британийн хатан хаан Елизавета II-ын нөхөр, Эдинбургийн ханхүү Филиппийг шүтдэг. Энэ шүтлэгийнхний домогт өгүүлснээр бол, Бурхны хүү Филипп нэгэн удаа гүнжтэй гэрлэхээр далай гатлан явсан боловч хэзээ нэгэн цагт эргэн ирж аралд аз жаргал, хөгжил цэцэглэлтийг авчрах учиртай гэнэ.
Вануату арал Их Британийн эзэмшил байх үед туземчууд Английн ханхүү бол бурхны домогт хүү гэж шийджээ. Ингээд алдаршуулах зан үйл бодож олж, тахил /азаар хүн биш/ хүртэл өргөх болсон байна. 1970-аад онд, хатан хааны гэр бүл тус аралд айлчилснаас хойш энэ шүтлэг улам батажсан гэнэ. Өөрөөр хэлбэл, энэ шүтлэгийг шүтдэг овгийнхон бурхнаа өөрсдийн нүдээр харсан азтай хүмүүс ажээ. Бурхан ч зүгээр байгаагүй. Ханхүү Филипп арлын оршин суугчдад, өөрөөр хэлбэл шүтэн бишрэгчиддээ нэг бус удаа зургаа явуулсан нь өдгөө нутгийн сүм хийдэд шүтээн болон заларч байгаа аж. Бурхан, шүтлэгтэн хоёрын амьд харилцаа үүгээр зогсохгүй. 2007 онд овгийн ард иргэдийн төлөөлөл Их Британид ирж, ханхүү Филиппийн ордонд зочилж байжээ.

МАРАДОНАГИЙН СҮМ

Олон, олон аргентин хүний хувьд хөлбөмбөг бол шашин, харин хөлбөмбөгийн гарамгай суутан Диего Марадона бол шүтээн юм. Диего Армандо Марадонаг шүтэгчид зохион байгуулалтад орж, бараг шашин гэж хэлж болохуйц оюун санааны нэгдлийг үүсгэн, өөрсдийн гэсэн сүм хийдийг хүртэл бариулаад амжжээ. Сүмийг “Бурхны гарны сүм” гэх бөгөөд Марадонаг шүтэн бишрэгчдийн нэгдэх газар юм.
Марадонаг шүтэгчид гурван өдрийг гол баяраа гэж үзэн тэмдэглэдэг. Эхнийх нь Зул сар /Марадонагийн төрсөн өдөр/, хоёр дахь нь Пасха /Д.Марадона Английн хаалганд хоёр гоол хийсэн өдөр/, Адислал /Д.Марадонагийн их хөлбөмбөгт анхны тоглолтоо хийсэн өдөр/ юм. Марадонагийн сүмд ирсэн хүмүүс өөрсдийн гэсэн залбиралтай. Жишээ нь “Хэрвээ талбай дээр байгаа л бол Диего манайх. Зүүн хөл тань магтан дуулагдах болтугай, ид шид тань ирэх болтугай. Гоолуудыг чинь тэнгэрт, ч газарт ч дурсан санаг. Бидэндээ өдөр бүр ид шид өгч хайрла. Бид нэгэн цагт Неаполийн мафийг уучилсан шиг сэтгүүлчдийг уучилж хайрла. Биднийгээ бөмбөг алдахаас сэргийлж хайрла, харин Авеланж, Пелээс биднийг чөлөөл. Диего” гэх мэт.

 

НУВАУБИАНИЗМ

1970-аад онд Дуайт Йорк гэгч үндэслэсэн. Дагагчдын ихэнх нь африк гаралтай америкчууд байдаг. Түүний номлолоор бол дэлхий, хүн төрөлхтөн нь Ангаргийнхны туршилтын бааз, туршилтын хэрэглүүрүүд. Никола Тесла бол сугар гаригаас ирсэн хүн. Эр хүйстэн гэж анх байгаагүй, туршилтын явцад бий болсон гэх ажээ.
Энэ хачин шашны урсгалыг үндэслэгч Дуайт Йорк нь 2004 онд хүчин, бага насны хүүхдийг уруу татсан, бусдыг дарамталсан, санхүүгийн луйвар хийсэн хэргээр 135 жилийн ял аван шоронд орсон ч дагагчид нь тогтвортой хэвээр байгаа юм.

 

ЯХВЕ ҮНДЭСТЭН

Яхве үндэстэн нь Халон Митчелл гэгчийн 1970-аад онд үндэслэсэн шашны бүлэг юм. Тэрээр өөрийгөө бурхны хүү хэмээн өргөмжилж, Яхве бен Яхве гэж нэрлэсэн. Энэ шашны номлолоор бол жинхэнэ еврей хүн хар байх ёстой бөгөөд эртний нутаг Йерусалимдаа буцаж очихыг туйлын зорилгоо болгох ёстой гэнэ.
Энэ нөхөр 1990-ээд оны үед аллагын хэргээр шоронд сууж /Нэг бус удаа цагаан арьстан хүнээр өргөл өргөсөн нь тогтоогдсон/ 2001 онд суллагдсан ч шашны хэрэг эрхлэхийг нь хуулиар хориглосон тул бүлгэм нь уналтад орсон юм. Харин 2007 онд үхсэнээс нь хойш бүрмөсөн үгүй болжээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top