Бид БУДДИСТ, ХРИСТ, бас БӨӨ мөргөлтөн мөн

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 04

Би ямар шашин шүтдэгтээ эргэлздэг. Энэ эргэлзээ бүх монголчуудад хамаатай. Эргүү тэнэг дүгнэлт шиг сонсогдож байна уу. Гэвч үүнийг монгол хүн бүр ямар шашин шүтдэгээ мэдэхгүй эргэлзэж, эргүүтэж байдаг тэнэг гээд хэлчихсэн мэтээр хүлээж авах хэрэггүй. Харин ингэж хэлэхэд хүрсэн хэд хэдэн тайлбар байна. Энэхүү нийтлэлийнхээ туршид ашиглах “Би, миний, надад, намайг” гэх мэт төлөөний үгс нь “Монголчууд” гэх ерөнхий утгыг давхар ташлуулж байгааг сануулаад, тайлбараа эхлэе.

Шог зураач: Р.Гал-Од

Юун түрүүнд, 1990 онд би шашин шүтэх, эс бөгөөс шүтэхгүй байх эрхтэй болсон нь намайг олон шашнуудын өмнө нээлттэй, нэг ёсондоо бүгдийн өмнө нүцгэлээд орхих шиг хэрэг явдал байсныг хэлэх хэрэгтэй. Надад хаа ганц нууцаар дуржигнуулдаг тарни, эмээ нар голдуу эргүүлж суудаг эрхи, уулга алдахдаа, айж сандрахдаа хэлдэг байсан маань мэгзэм төдийхөн үлдсэн байлаа. Тэгээд л би өөрийгөө ерөөсөө Буддын шашинтай юм байна гээд бодчихсон хэрэг л дээ. Тэгж бодож эхэлснээс хойш хэрэг явдал үнэхээр ч тийм баймаар өрнөсөн юм. Энд тэндгүй сүм хийд нээгдээд л, орхимж нөмөрсөн хүний тоо олшроод л, ард олон засал ном хийлгэж, “Ганжуур”, “Данжуур” уншуулаад л, засаг төр нь Жанрайсиг сэлтийг босгоод л илт миний итгэл үнэмшлийг батжуулаад ирэв.

Гэтэл олон шашнуудын дундаас сонгож шүтэх эрх бас бий болсныг анзаарлаа. Ингээд л миний эргүүтэл эхэлсэн юм. Нөгөө нүцгэн шахуу зогсож байгаа амьтан бусдын нүдэнд олзлогдож, өөр өөрсдийн итгэл үнэмшлийг нөмөргөх гэсэн тэмцлийн амьд бай болж хувирсан нь мэдээж. Тэндээс ч нэг үнэгүй хувцас өгөөд л, энд ч нэг хоол таваглаж тавиад л, гагцхүү энэ бүхнийг өгсөн хэн нэгэн эзэнд л талархуулахыг хүсдэг болов оо. Би яахав, хээгүй зантай юм болохоороо хэн байх нь ямар хамаатай юм гээд тэр эзнийг нь ганц нэг магтан дуулаадахлаа. Ингээд нэг мэдсэн чинь Христийн шашинтай болчихдог юм. Юм илүүдэх биш гэсэн шүү юм бодов.

Ингээд явж байтал гэнэт л эргэн тойрны хүмүүс маань бөө, зайран, удган болцгоогоод унав. Баахан тэнгэрүүд бууж ирээд, тэдний биед ороод, архи ууж, хэнгэрэг дэлдээд унадаг юм байх. Буруу хазгай сонссон болоод тоосон ч үгүй. Гэтэл хэрэг бишдэж, би өөрөө бөөгийн онгод сахиустай болоод явчихав. Буулгаж авахгүй бол догшроод уг хүндээ муу гэж ч дуулдаад, цаашлаад явж явж манай яг үндэсний уламжлалт шүтлэг ч болж таараад. Ингээд би бөөгийн шүтлэгтэн болж орхив. Ийм байдлаар би өдгөө бүх шашин, итгэл үнэмшилд өөрийгөө нээлттэй гэдгээр ойлгох боллоо. Амнаасаа бурхан гаргах, Чингис хааны хойд дүр тодрох, 99 даахи бурхан бууж ирэх, гадны нэг пастор өвчтэй хүнийг шууд эдгээх, түрийвчээ даллавал их мөнгөтэй болох гэх мэт олон зүйлд итгэхэд бэлэн гэдгээ таньж эхлэв.

Дэлхий дээр нийт 198 шашны урсгал оршиж байдаг гэнэ билээ. Тэр бүхний тоогоор миний итгэл үнэмшил, ёс суртахуун, танин мэдэхүй, ертөнцийг үзэх үзэл маань сэглэгдэн автагдах боломжтой гэсэн үг л дээ. Надад тэднээс хамгаалах ямар ч дархлаа алга. Би бол одоохондоо эзлэгдээгүй байгаа, аль ч шашин дээр нь тугаа хатгаагүй байгаа асар өргөн талбайтай ганц бодгаль юм байна. Энэ нь заримдаа омогшил болдог. Төлөвшиж хэв загварт баригдаагүй онгон зэрлэгээрээ гэж. Заримдаа харин сул тал болдог. Хэн дуртай нь хойморт гарч ирж суучихаад, хөлөө жийгээд, эзлэн түрэмгийлэх гээд зовлонтой.

Шог зураач: Р.Гал-Од

Хүн ямар шашин шүтэх, эс шүтэх нь тухайн хүний эрх гэж хуульчилсан. Тиймээс над дээр хүссэн шашин бүр өөрийн тунхагаа сараачиж болно. Би мэдээж дургүйлхэнэ л дээ, энд бичүүлэхгүй гэнэ. Энэ чинь эзэнтэй, эзэн нь Будда, Есүс, Дээд тэнгэр, Мухаммед гэж хэлнэ. Гэвч шинээр эзэн суух гэсэн тэмцэл зогсолтгүй үргэлжлэх төлөвтэй. Шинүүд нь их зальтай, арга тактиктай. Бясалгал, амьдрах урлаг гэх эвтэйхэн нэртэй Шри Шри, энх тайван, нэг том үндэстэн, жинхэнэ эцэг эх гэх мэт шал өөр шошгонуудтай Мүүн, баяжуулдаг Шүгдэн, тахиулдаг 99 даахи гээд зөндөө. Зарим нь манайх шашин биш гэж илэрхий мэлзэнэ. Энэ бүхний эцэст алийг нь шүтэх нь ёстой хуулиар олгогдсон эрхийн асуудал. Зэрэг шүтэж болдог л юм бол бүгдэд нь мөргөөд, сүсэглээд явж болмоор. Гэвч болохгүйд л хамаг болохгүй гай зовлон нуугдаж байна.

Монголчууд дэлхийн гурван гол шашин болох Бурханы, Христосын, Исламын шашныг шүтдэг. Сүүлийн үед бөө мөргөлийг шүтэх болсон. Гэвч үүнийг шашин биш гэж үзэгсэд ч бий. Шулуухан хэлэхэд шашнуудын дайралтаас хамгаалах итгэл үнэмшлийн дархлаа гэж зүйл Монголд алга. Хэн дайлаар ирнэ, түүнд эзлэгдэнэ. Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн хийсэн цуврал судалгаанд 1985 онд хүн амын 80 хувь нь өөрсдийгөө огт сүсэг бишрэлгүй гэж үзэж байсан бол 1994 онд хүн амын 71.1 хувь нь шүтлэг бишрэлтэй гэж хүлээн зөвшөөрсөн байх юм. Үзэл суртал, төр нийгмийн байдлаас болж ийм сонирхолтой өөрчлөлт гарч байгаа юм гэж тайлбарлах байх. Гэхдээ шүтлэг, итгэл үнэмшил гэдэг нь үзэл суртал, цаг үеийн засаглалаас болж ганхаж, гуйвж, солигдож байдаг тийм хялбархан зүйл юм гэж үү.

Тэгвэл тэрхүү итгэл үнэмшлийг засаглахын төлөө тэмцэл өрнүүлж, үр дүнд хүрч болох нь. Хэн ч орж ирээд эзлэн түрэмгийлэл явуулж болно оо гэсэн үг. Чингис хаан XIII зуунд шашны эрх чөлөөг хориглоогүй учраас мандан бадарсан юм гэх түүхийг бид үүнд хариулт болгон өгдөг. Гэвч эсрэгээрээ бөө мөргөлийн шүтлэгтэй байсан Монгол гүрэн гадны буюу Буддын шашны урсгалд аажмаар автсан нь задарч, бууран доройтохын эхлэл болсон нь чухам үнэн шүү дээ.
Өдгөө 15-аас дээш насны монголчуудын 53 хувь нь бурхны шашинтан, 2.1 хувь нь Христийн, 3.0 хувь Исламын, 2.9 хувь нь бөөгийн шашинтай гэх 2010 оны судалгаа байна. Аюултай тоо харагдахгүй байна. Гэвч Исламын шашинтай казахуудыг эс тооцвол шашиндаа туйлын үнэн сүсэг бишрэлтэй хүмүүсийн бодитой тоо мөн үү гэдэг ахиад л эргэлзээтэй.

Монголд Христийн шашны ёсоор хуримлаж, Буддын шашны ёсоор хойтохоо уншуулж, бөөгийн уламжлалаар ажил амьдралаа засуулж явдаг бишгүй олон гэр бүл бий. Түүгээр ч зогсохгүй, жинхэнэ эцэг эх хэмээн Солонгос өвөө Мүүн, түүний эхнэр нарыг шүтэж, зурганд нь мөргөж, төрсөн эцэг эхээ үл тоох залуу үе нэмэгдэж байна. Олон шашин цөөн хүнд оногдохын гашуун нь эндээс эхэлнэ. Гэр бүлүүдэд үүнээс болж зөрчил үүсч, хэсэг бүлгүүдийн хооронд маргаан тэмцэл өрнөж, нийгмийн дотор хагарал гарна. Ёс суртахуун, зан заншил, дэг дүрмийн зөрчилдөөн, сөргөлдөөнүүд үүснэ.

Шашныг огт хэрэггүй зүйл гэх хуучны номлолыг сэргээх гэсэн агуулга биш шүү. Гагцхүү бид ямар ч нян бактерийг өөртөө шууд нэвтрүүлэн оруулахад нээлттэй байгаа нь айдас төрүүлж байна. Сайн нь ч, эсвэл муу нь ч биднийг эзлэн авах бололцоотой. Хамгийн энгийн жишээ бол Мүүний шашны урсгал юм. Хүнийг зургаар нь харж хооронд нь гэрлүүлдэг, хүний наймаа эрхэлдэг, итгэгчдийнхээ хөдөлмөрийг шулан мөлждөг, маш хатуу дэг жаяг мөрддөг гэх мэт олон шүүмжлэл гардаг атлаа Монголд Мүүний шашинтнууд хүрээгээ тэлсээр байгаа. Христийн шашинд хориотой, гаж буруу, хатуу гэх олон урсгал бий. Үнэн алдартан, католик, протестант, евангели, баптист, адвентист, лютеран, пентокост урсгалууд, мормон, мүүн, иеговын гэрчүүд гэх мэт. Тэдний бүх төлөөлөл Монголд байдаг, үр үндсээ тавьсан гэдэг. Хөрсөнд цацсан үр үрждэг бус уу. Манайд албан ёсны бүртгэлтэй 511 сүм хийд байгаагаас 254 буддын, 198 нь христийн, 44 исламын, 7 нь бөө мөргөлийн, 5 нь бахайн болон тодорхой ангилалд үл багтах сүм хийд байдаг ажээ. Өнгөрсөн онд ийм тоотой байсан шашны байгууллагууд маань өнөөдөр гэхэд 683 болж өсөөд буй. Нэг жилийн дотор 173-аар нэмэгдсэн энэ үзүүлэлт бол ямархан хурдтай, орон зайтай өсч байгаагийн тод илэрхийлэл юм.

Олон шашин орж ирснээр Монголд шашин хоорондын мөргөлдөөн гарна гэж хэлэх хүмүүс байдаг. Тэр ч юу л бол. Учиргүй Энэтхэг, Пакистан шиг нүдэлдээд, хоёр хуваагдаад, дайсагналцаад унахгүй байх. Манай улсад шашны маргаан гэх хүндрэл одоогоор алга. Нэг ч гэсэн зовлон биднээс хол байна. Харин олон шашин нь бидний үндэсний дархлааг л сулруулах, хуваах, сульдаах талтай. Бидэнд дагаж мөрддөг нэг ёс заншил гэж үгүй болно. Яг л зарим нь Цагаан сарыг тэмдэглэхээ больсон шиг. Бидэнд итгэж үнэмшдэг нэг үзэл баримтлал алга болно. Яг л шар зурхай, Чингисийн зурхай, Төгс буянтын зурхай гэж хуваагддаг толгой эргүүлсэн хэрүүл шиг. Өнөөдөр нэг гэр бүл дотор өчүүхэн мэт үл ойлголцол, маргаан өрнөж байна. Тэр нь бурхан болоочийгоо оршуулах уу, хөдөөлүүлэх үү, чандарлах уу гэх мэтхэн. Гэтэл энэ өчүүхэн зөрчилдөөний цаана Будда, Христ, Бөө мөргөлийн гэх шажнуудын хоорондох дажны үр хөврөл нуугдаж байх жишээтэй.

Монголчууд бид өнөөдөр туйлын тодорхойгүй амьдарцгааж байна. Бүх нийтээрээ Есүсийн төрсөн өдрийг тэмдэглэж, бүх нийтээрээ Буддагийн төрсөн өдрөөр зул өргөж, бүх нийтээрээ уул овооны эзэн савдгийг тахиж байна. Шашин уг нь хэрэгтэй л дээ. Хувь хүнд итгэлийн, нийгэмд моралийн, улс оронд тусгаар тогтнолын үнэ цэнийг бий болгож өгдөг. Гэвч Монголд олон шашны түрэмгийлэл лав сайн үнэ цэнийг бий болгохгүй нь бололтой. Үндэсний ёс заншил, хэл соёл, уламжлал маань бага багаар эвдэгдэн, хувьсан өөрчлөгдөх нэрийн дор сүйрэн устаж байна. Олон эхнэртэй хар хүн шиг төр засаг нь хүртэл шарын шашны том даншиг наадам хийснээ дараахан нь бөө мөргөл үйлдээд уул тахиад явчих нь энгийн үзэгдэл. Айлын эхнэр өглөө гарч Гандан тойрч гороолоод, ламд үзүүлээд, өдөр нь найзуудтайгаа сүмийн пасторын лекц сонсож, үдэш нь гэртээ бөө авчирч хэнгэрэг дэлдүүлэх нь бас л хэвийн үзэгдэл. Олон юмны холион бантан гэдэг энэ.

Ямар ч шашны мөн чанарыг бүрэн таньж мэдэж, юунд л үл хазайх бат нот итгэл, үнэмшил, сүсэг үүссэн үед л гэгээрэл гэгчид хүрдэг гэх. Тэгвэл эцсийн дүндээ бидэнд жинхэнэ сүсэг бишрэл байна уу гэдэг эргэлзээтэй. Түрийвчээ нар зөв даллавал мөнгөтэй болдог гэхчлэнгийн аар саархан, явган сүсэг л дийлэнхэд минь байна уу даа. Төр засаг хүчгүйдэж, ард олны итгэл үнэмшил алдарч ядуу тарчигт нэрвэгдэхийн хэрээр шашин улам хүчээ авч цэцэглэдэг бичигдээгүй үнэн бий. “Харанхуй бол өөрөө хулгайч юм” гэсэн дам утгатай үг байдаг. Тийм ээ, бидний гэрэл гэгээг энэ харанхуй хулгайлчихаж. Байгаа л гэж итгээд байгаагаас бус итгэл үнэмшил маань ч аль хэдийн алдагдсан байхыг үгүйсгэхгүй. Учир нь гадаа ч, дотор ч харанхуй байхад хаана эд бий, хаана эс бийг хэн мэдэх. Би хурдан гэгээрээсэй...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top