Дэлхийн авлигын эсрэг олон улсын өдөр өчигдөр /2019.12.09/ тохиосон билээ. Энэ хүрээнд АТГ-аас "Шударга байдал ба олон нийтийн итгэл" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Энэ үеэр тус газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа үг хэлсэн. Түүний хэлсэн үгнээс онцолж байна.
1. Эрх мэдэлтэй “цагаан захтнууд”-ын үйлддэг авлигын гэмт хэрэг нь цаг хугацаа, хүч хөрөнгө шаарддаг, дотоод, гадаадын шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын нягт хамтын ажиллагааны үндсэн дээр илэрч шийдвэрлэгддэг онцлог гэмт хэрэг.
2. Мөрдөн шалгах чиглэлээр сүүлийн үед илрүүлж байгаа гэмт хэргүүдийн арга барил, хэв шинжийг авч үзэхэд өндөр зохион байгуулалттай, бусад хэлбэрийн гэмт хэргүүдтэй хавсарсан шинжтэй, хаалттай, нууц далд байдалд үйлдэгдэж байна.
3. Гэмт хэргийн замаар олсон хууль бус хөрөнгө, орлогыг оффшор бүсэд байршуулах, гуравдагч этгээдэд шилжүүлэх зэргээр санхүүгийн бүтцийг өргөн хүрээнд ашиглан гадаад улсад нуун далдалж байгаа нь мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учруулж, цаг хугацаа ихээхэн шаардагддаг.
4. Сүүлийн үед шалгагдаж байгаа Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой, Хөгжлийн банк гэх мэт манай улсын эдийн засагт томоохон нөлөө үзүүлж байгаа зарим хэргүүдийг шалгах явцад гадаад улсын хууль сахиулах, санхүүгийн мэдээллийн, мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх зэрэг хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллаж байгаа боловч нотлох баримтыг тэр бүр бүрэн дүүрэн, шуурхай олж авч чадахгүй байгаа нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна.
5. Улс дамнасан гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх, шийдвэр гүйцэтгэхэд гадаад улсын хуулийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах зайлшгүй шаардлага мөн тулгарч байгааг энд дурдах нь зүйтэй.
6. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад Авлигын гэмт хэрэг гэсэн бүлэг байгаа бөгөөд гадаад улсын төрийн албан хаагчдыг хахуульдах, албаны эрх нөлөөгөө урвуулан ашиглах, улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх, дураараа аашлах, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх зэрэг холбогдох зохицуулалт хуульд тусгалаа олсныг онцлон хэлмээр байна. Гэвч хэрхэн хэрэглэх болон хамрах хүрээ нь тодорхой бус байгаагаас эрч далайцтай ажиллаж чадахгүйд хүргэх сөрөг үр дагаврыг бий болгож болзошгүй.
7. Хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар хууль тогтоогч, шийдвэр гаргагч, иргэд, олон нийт, хууль сахиулагчид зэрэг бүх түвшиндээ бодитой, үнэн зөв ойлголттой болох шаардлага байгаа нь харагдаж байна.
8. Хууль тогтоомжийг өөрт ашигтай байдлаар өөрчиилж, хууль тогтоомжоор давуу байдал олгосон гэж олон нийт бухимдаж, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нийтээрээ шүүн хэлэлцэж, гэмт хэрэгтнүүдэд ял завших боломж, гарцыг хаахыг нийгэм хүлээж байна.
9. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, нотлох, хариуцлага хүлээлгэх ажиллагаанд өөрчлөлт хийх, цаашлаад энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтэд хяналт тавих, олон нийтийн хяналтыг сайжруулах зорилгоор хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн сантай болох зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд холбогдох төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа нь хамтын ажиллагааг сайжруулах нэг алхам хийгдэж байна гэж үзэж болно.
10. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгахад бодитой, үр дүнтэй, бүтээлчээр хамтран ажиллахыг хаа хаанаа анхаарч ажиллах нь зүйтэй байна.
Сэтгэгдэл ( 1 )
ug yariad xereggyui shuu yu xiij baugaa chny sonin baunaa