Ираны тусгай албаны тэргүүн, генерал Касем Сулеймани АНУ-ын зэвсэгт хүчний агаарын цохилтын үеэр амиа алдсан хэрэг явдалтай холбоотойгоор анхаарал татсан үйл явдлууд үргэлжилсээр байна. Тухайлбал, генерал Касем Сулейманийн өшөөг авах зорилгоор Ираны зүгээс АНУ-ын засгийн газрын Холбооны мэдээллийн сангийн веб сайтад кибер халдлага хийсэн тухай New York Times, BBC мэдээлж байна.
Хакерууд мэдээллийн сайтад нэвтэрч “Бурхны өмнөөс... Исламын Бүгд Найрамдах Иран Улсаас энэхүү мессежийг илгээж байна... Генерал Касем Сулейманийн үйл хэрэг, замнал ингээд зогсохгүй. Түүний амийг хөнөөсний хариуд хатуу шийтгэл ногдуулах болно” гэсэн агуулга бүхий мессежийг байршуулжээ.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын цустай зургийг байршуулсан байна. АНУ-ын зүгээс эл кибер халдлагын эсрэг арга хэмжээ авчээ. Кибер аюулгүй байдлын агентлагийн хэвлэлийн төлөөлөгч нөхцөл байдлыг "хянаж байна" гэж мэдэгджээ.
Кибер халдлагын ард Иран улсын засаг захиргаа байгаа гэдэг нь одоогоор тодорхой болоогүй. Энэ удаагийн Кибер халдлага Ираны хакеруудын чадварын нэг л хэсэг гэж бичсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )