Сураггүй болсон Д.Сэржмядаг охиныг хайх явцад ХҮЧИНГИЙН зургаан хэрэг нөхөн илрүүлжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 01 сарын 10

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух хаягтай Д.Сэржмядаг гэх найман настай, охин одоогоос хоёр жилийн гаруйн өмнө буюу 2017 онд ор сураггүй алга болсон. Охин мөн оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 12.00 цагийн орчимд гэрээсээ гарч яваад одоог хүртэл сураггүй байгаа ба өнөөдрийн байдлаар ямар нэг сэжүүр гараагүй хэвээр байна. Харин хэрэгт холбогдуулан охины авга ах болон түүнийг хамгийн сүүлд харсан гэх иргэдийг хорьж шалгасан ч хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдсон учир сулласан байдаг.

Тиймээс хэргийг илрүүлэхэд чухал ач холбогдол бүхий баримт, мэдээлэл өгсөн иргэний мэдээллийг цагдаагийн байгууллага үнэлэн авах бөгөөд мэдээллийг чандлан нууцлахаа мэдэгдээд байгаа юм. Албаныхны хэлж байгаагаар энэ хугацаанд эрлийн ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгаа гэх ба эрлийн баг бүрэлдэхүүн нийт дөрвөн удаа солигдож, шалгалтын ажиллагааг явуулжээ.

Энэ талаар Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг “Өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллагаас давхардсан тоогоор 4000 гаруй цагдаагийн алба хаагч биечилсэн эрэн хайх ажиллагааг явуулсан байна. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаад тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Шаардлагатай бүх үйл ажиллагааг явуулж, өнгөрсөн хугацаанд энэ хэрэгтэй холбоотойгоор нийт 550 иргэнээс мэдүүлэг авч, 32 мянган иргэн, мянган тээврийн хэрэгслийн лавлагаа мэдээллийг авч шалгаж байна. Энэ хэргийг шалгах явцад бага насны хүүхдийг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан зургаан хэргийг нөхөн илрүүлсэн. Үүнээс дөрвөн хэргийг нь шүүхэд шилжүүлээд байна. Д.Сэржмядаг охиныг хайх ажлын хэсэг үргэлжлүүлэн ажилласаар байгаа" хэмээн хэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top