ЦУВРАЛ I: Засгийн газар 34 хувиас татгалзаж, 57 дугаар тогтоол хүчингүй болох уу!

2020 оны 01 сарын 16

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНИЙ ӨӨРЧЛӨЛТИЙГ УГТСАН АНАЛИЗ ЦУВРАЛ

Сүүлийн аравны онцлох сэдвүүдийн эхэнд бичигдэх  “Оюутолгой”-н гэрээнд  чухам ямар өөрчлөлтүүд хийгдсэнээр Монгол Улсын эрх ашигт нийцэх вэ? гэдэг асуудал чухал байна.

Тиймээс Оюутолгойн гэрээтэй холбоотой онцлох асуудлуудыг цувралаар хүргэж буйгаа тодотгоё.

УИХ-ын  2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоол” баталж, Засгийн газарт даалгавар өгсөн билээ. Тогтоолын дагуу У.Хүрэлсүхийн удирдаж буй кабинет гэрээг сайжруулах чиглэл бүхий найман асуудлыг ирэх гуравдугаар сар гэхэд цэгцэлж оруулж ирэх ёстой юм. Тухайлбал, төслөөс хүртэх үр өгөөжийг 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-аар оруулах хувилбарыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах үүргийг хүлээсэн.

Тиймээс өнөөдрийн цуврал Монголын Засгийн газрын мэдэл дэх 34 хувийн талаар тухайлан хөндөж байна. Хувь эзэмшлийн тухай ярихын тулд Оюутолгой төслийн талаарх товч “намтар” дурдах хэрэгтэй болно л доо.

Канадын “Айвенхоу Майнз” компани Монголын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлтээ 2003 оноос хойш хэд хэдэн удаа ирүүлсэн байдаг. Улмаар 2006 онд тэд дахин хүсэлт гаргаснаар талууд хэлэлцээрийн ширээний ард сууж, зургаадугаар сар гэхэд гэрээний төслийг хэлэлцэн шийдвэрлүүлэхээр УИХ-д өргөн барьж байв. Цаашлаад 2008 оны сонгуулиас өмнө дахин яриа хэлэлцээр идэвхжиж, сонгуулийн дараа УИХ-аас “алдарт” 40 дүгээр тогтоолыг баталж байсан билээ. Дараа жил нь УИХ-аас  57 дугаар тогтоолыг баталсан. Эдгээр ТОГТООЛУУД бол Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад үндэслэсэн эрх зүйн гол баримт бичгүүд юм.



2008 ОНЫ 40 ДҮГЭЭР ТОГТООЛЫН АГУУЛГА
 

  • Хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудад нийцүүлэн хийх
     
  • Монголын талын эзэмшлийг 34 хувиас эхэлж, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50 хувь болгох асуудлыг гэрээнд тусгах хувилбар
     
  • Бүтээгдэхүүн хуваах зарчимд тулгуурласан хувилбар
     
  • Ордыг түшиглэн байгуулагдах компанийн хувьцааны 34 хувийг Монголын тал шууд эзэмшихээр тооцож, уг хувьцаанд ногдох хөрөнгийг албан татвар, төлбөр, хураамж, ногдол ашиг, зээл зэрэг хэлбэрээр оруулж болохоор тохиролцох тухай гэхчлэн тусгасан байдаг.
     

УИХ-ЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛИЙН ГАРЫН ҮСЭГ БҮХИЙ  2009 ОНЫ  57 ДУГААР ТОГТООЛД
 

  • Оюутолгой ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоосугай
     
  • Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн байгуулахыг Засгийн газарт зөвшөөрсүгэй
     
  • Анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50 хувиас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэх Засгийн газарт үүрэг болгосугай хэмээн тусгасан байдаг.
     


Тэгвэл УИХ-аас өнгөрсөн арваннэгдүгээр сард баталсан тогтоолд УИХ-ын  40 болон 57 дугаар тогтоол, Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулна гэж тусгасан.

Тэгэхээр Монголын Засгийн газрын 34 хувийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-аар оруулах хувилбарыг судлах асуудал  дээрх хоёр тогтоолд заасан агуулгуудтай нийцэж байна уу гэдгийг тодотгож харах хэрэгтэй болж байна.

40 дүгээр тогтоолд бол Бүтээгдэхүүн хуваах зарчимд тулгуурласан хувилбарыг судлах тухай тусгасан ч Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахыг албан ёсоор даалгасан 57 дугаар тогтоолыг харахаар Анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа Монголын Засгийн газрын эзэмших хувь 50-иас доошгүй хэмжээнд очсон байх ёстой аж.

Нөгөө талаас УИХ-аас гаргасан сүүлийн тогтоолд “Шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах” гэсэн өгүүлбэр бийг сануулъя. Тэгэхээр Монголын Засгийн газар 34 хувиасаа татгалзаж, Бүтээгдэхүүн хуваах нөхцөлийг хөрөнгө оруулагч талтай тохирох боллоо гэхэд 2009 оны 57 дугаар тогтоолоо хүчингүй болгох шаардлага үүсэхээр харагдаж байна.

2009 онд гэрээг байгуулсан засгийг удирдаж байсан Санжийн Баяр төслийн 34 хувийг Засгийн газар эзэмшсэн нь өнөөдрийн зовлонгийн шалтгаан болоод байна гэж хэлсэн. 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн заалтаа л дагаж 34 хувиа өрөөр санхүүжүүлэх гэрээг байгуулсан гэж  тайлбарласныг сануулах нь зөв байх.

Ер нь Хөрөнгө оруулалтын гэрээг батлахаас өмнө болон баталсны дараа 34 хувьтай холбоотой ямар асуудал яригдаж байсан бэ гэдгийг энд өгүүлье.

11 жилийн өмнө буюу 2009 оны тавдугаар сарын 8-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаарх санал, дүгнэлтийг гаргасан байдаг.

Санал, дүгнэлтийн 1.3-т “Удирдамжид анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын эзэмшлийн 34 хувийг 50 хувь болгох асуудлыг гэрээнд тусгахаар заасан. Гэтэл гэрээний хугацааг сунгаснаас хойш нэг жилийн дотор харилцан тохиролцсон нөхцөлөөр Монголын тал 16 хувийг нэмж эзэмших эрхтэй гэж заасан ба хөрөнгө оруулалтын анхны хэмжээ хоёр удаа өөрчлөгдөж таван тэрбум ам.доллар болсны эдийн засгийн үндэслэл нь тодорхойгүй, эрх бүхий байгууллага /аудит/-аар үнэлгээ, дүгнэлт гаргуулаагүй байна. Энэ нь Монголын талын эзэмшлийн 34 хувьд ногдох хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлох боломжгүй болгож байна.

2.5-д Нөөц баялгаа үнэлэх замаар 34 хувийг хөрөнгө оруулахгүйгээр эзэмших, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын тал 50 хувийг шууд эзэмших асуудлыг төсөлд тусгах. Олон улсын концессын гэрээний зарчмаар Монголын тал 50 ба түүнээс дээш хувийн хувьцааг үе шаттайгаар хөрөнгө оруулах үүрэг хүлээлгүйгээр эзэмших гэхчлэн санал тусгасан байдаг.

Тэгвэл 2009 оны аравдугаар сарын 6-нд батлагдсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 1.6-д  Төр нь Хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 34 /гучин дөрөв/ хувийг өмчлөх ба энэхүү Гэрээний хугацааг энэхүү Гэрээний 15.11-д заасны дагуу сунгасан бол ийнхүү сунгаснаас хойш 1 /нэг/ жилийн дотор Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр харилцан тохиролцсон нөхцөлөөр Хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 16 /арван зургаа/ хувийг нэмж өмчлөх сонголт хийх эрхтэй гэж тусгасан байдаг.

Харин үүнээс 10 жилийн дараа буюу 2019 оны тавдугаар сарын 29-ний өдөр  УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийн тайланг сонсох үеэр 34 хувийн талаар анхаарал татсан дүгнэлтийг танилцуулсан. Гэрээний 1.6 дахь заалт нь  Монголын талын эзэмших хувийг 50 хувиас доошгүй хувь болгоно гэсэн олон түмний хүлээлтийг хэрэгжүүлэх боломжгүй болгосон. Төслийн хэрэгжилтийн явц, 2015 оны ТЭЗҮ, Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө болон төслийн хөрөнгө оруулалт, зардлын хэт их өсөлтөөс үзэхэд төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэдэн хувь ч хүргэж нэмэгдүүлэх нь ач холбогдолгүй болсон байна гэсэн дүгнэлтийг танилцуулсан юм.

Хөрөнгө оруулалтын гэрээний 1.6-д Төр нь энгийн хувьцааны 34 хувийг "өмчлөх" гэдэг үгийг хэрэглэсэн боловч хувь нийлүүлэгчийн гэрээ болон Дубайн хэлцлээр “эзэмших” гэдэг үгээр сольсон нь эрх зүйн ойлголтоор зөрчилтэй. Дубайн хэлцлээр Монгол талын төрийн эзэмшлийн хувьцааг 34 хувиар тогтоон энгийн хувьцаа эзэмшигч болсон. Харин төслийн үйл ажиллагаанаас хамаарч хувьцаа эзэмшигч, талуудын хүртэх ногдол хуваарилагдах эсэх нь тодорхойгүй болсон. Анхны ТЭЗҮ -ээр нийт хөрөнгө оруулалтыг 4.4 тэрбум ам.доллар гэж төлөвлөсөн, харин нэмэгдсээр 7.1 тэрбум, 2018 оны он гэхэд 11.1 тэрбум ам.доллар болгож зардлаа өсгөсөн.  Түүгээр ч үл барам ТЭЗҮ-ийг эрх зүйн хувьд заавал мөрдөх баримт бичиг биш гэж Дубайн гэрээ гэх Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд оруулсан нь Монголын талын үр ашгийг цаашид бууруулах ноцтой өөрчлөлт болсон гэсэн дүгнэлтийг Ажлын хэсгээс хийсэн юм. 

Оюутолгойн гэрээний өөрчлөлтийг угтсан анализ цуврал үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top