Монгол Улсын хэмжээнд залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Ятгах тусам нягтал” аян өрнөж байгаатай холбоотойгоор нийслэлийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Чойжавтай ярилцлаа.
-Улсын хэмжээнд анх удаа залилах гэмт хэргийн эсрэг нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд ямар ямар ажил хийж хэрэгжүүлж байна вэ?
-Мөрдөн байцаах албанаас улсын хэмжээнд залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор “Ятгах тусам нягтал” гэх аяныг өрнүүлж байна. Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэрэг жил ирэх тусам өсөх хандлагатай байна. 2017 онд 2996, 2018 онд 5372 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2019 онд 7821 гэмт хэрэг бүртгэгджээ. Улсын хэмжээнд үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 20 орчим хувийг залилах хэрэг эзэлж байна гэсэн мэдээлэл бий.
Энэхүү аяны хүрээнд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс долоо хоног бүр төлөвлөгөө гаргаж, иргэдийг залилах гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байгаа. Хохирогч нарын тоог нэмэгдүүлэхгүй байхад голлон анхаарч иргэдийг мэдээ мэдээллээр хангах чухал байна. Тиймээс олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, радио телевизээр залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж үнэн бодит мэдээллийг хүргэхэд анхаарч ажиллаж байна.
-Залилах гэмт хэргийн тоо огцом өссөн шалтгаан юу байна вэ?
-Иргэд амар хялбар аргаар, богино хугацаанд мөнгөө өсгөх, мөнгөтэй болох, хэрэгцээт ажлаа хурдан бүтээх, төрийн үйлчилгээг буюу виз, тендерийг хялбар аргаар, өөрт ашигтай байдлаар авах гэх мэт хүсэл эрмэлзэл их байгаагаас гэмт хэргийн гаралт өсөхөд нөлөөлж байна гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл, залилах гэмт хэргийн үндэс нь хохирогч өөрөө болоод байна. Тухайн хүн амар хялбар аргаар их хэмжээний мөнгө олох гэсэн хүсэлтэй. Улмаар залилагч нарын хараанд орж тэдний үгэнд итгэснээр өөрийн эд хөрөнгө, мөнгөө алдаж байна.
-Дүүргийн хэмжээнд бүртгэгдэж байгаа залилах гэмт хэргийн хэлбэрийн тухайд тодруулахгүй юу?
-Сүүлийн үед гадаад улсын виз гаргах болон түрээсийн байрыг давхар түрээслэх хэлбэрээр залилуулсан гэх хэргүүд их байна. Жишээлбэл, байрны зураг тавьчхаад зах зээлийн үнээс хямд түрээслүүлнэ гээд иргэдээс давхардуулан мөнгө авах тохиолдол байна. Мөн шинэ орон сууц бартер хэлбэрээр худалдана гэж хуурамч гэрээ контракт үзүүлэх, орон сууц хямд худалдах нэрийдлээр урьдчилгаа авч бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг сүүлийн үед өсөх хандлагатай байна.
-Залилагч нарыг ер нь хэрхэн таних вэ? Гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд иргэд юуг анхаарах ёстой юм бэ?
-Залилагч нарыг таних бол маш амархан. Тэд иргэдэд итгэл үнэмшил төрүүлж маш их хэмжээний мөнгийг богино хугацаанд олж өгнө гэдэг. Өөрөөр хэлбэл, хялбар аргаар, богино хугацаа амлаж л байвал тэр залилагч байх магадлалтай юм. Хүмүүсийн гол алдаа нь хэзээ ч биелэгдэх боломжгүй юмыг хүсэж байна. Ямар нэгэн байдлаар сургуулийн диплом гаргуулах, гадаадын виз гаргуулах, тендер зөвшөөрөл авах гээд танил хайж эхэлдэг. Энэ нь залилагч нарын өгөөш болгоход хүргэдэг. Залилагч хүнээ судалж, судалгааны үндсэн дээр итгэл төрүүлж залилж байдаг.
-Залилагч нарт ямар хариуцлага тооцож байна вэ? Ял шийтгэлийн тухайд?
-Монгол Улсын Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 17.3 зүйлд буюу залилах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хэргийн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээнээс шалтгаалж 2-8 жилийн хорих ял оногдуулахаар заасан байдаг. Цагдаагийн байгууллагын тухайд хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг зохион байгуулдаг. Харин эцэслэн шийдвэрлэх чиг үүрэг нь шүүхийн байгууллагад бий.
-Цахим орчинд фэйсбүүк группууд сугалаа зохион байгуулж, гишүүдээсээ тодорхой хэмжээний мөнгө аваад машин юм уу үнэт эдлэл амлаад дундаас нь нэг хүн шалгаруулж, бусад оролцогч нар мөнгөөрөө хохирч байна. Энэ залилангийн гэмт хэрэг мөн үү?
-Залилан мэхлэх гэмт хэргийн шинэ төрөлд орж байгаа. Сугалаа зохион байгуулах, бусдыг уриалж мөнгө цуглуулж хонжвор авна гэдэг нь сүлжээний төрөл бөгөөд залилах гэмт хэрэгт орно. Цахим орчинд сугалаа зохион байгуулж буй энэ асуудалд дан ганц цагдаагийн байгууллага бус мэргэжлийн хяналтын газраас мөн хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй байдаг. Эцэст нь хэлэхэд, хэрэв таныг хэн нэгэн ятгаж байвал, дахин дахин нягталж үзээрэй. Аливаа санхүүгийн харилцаанд орох, эд хөрөнгө шилжүүлэхдээ заавал шалгаж байхыг сануулъя.
Сэтгэгдэл ( 3 )
яагаад арилгаад байнаа
жилд 10000 гаруй залилах гэмт хэрэг гарч байгаагийн үндсэн шалтгаан нь мөнгөө амар хялбар аргаар өсгөнө гэж итгэсэн ”гэнэн, томоогүй шунал”- ын эзэд өөрсдөө мөн гэж тодорхойлсон нь маш зөв.
жилд 10000 гаруй залилах гэмт хэрэг гарч байгаагийн үндсэн шалтгаан нь мөнгөө амар хялбар аргаар өсгөнө гэж итгэсэн ”гэнэн, томоогүй шунал”- ын эзэд өөрсдөө мөн гэж тодорхойлсон нь маш зөв.